Айлчлал: Антонио Гутерриш, Ван И нар Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Айлчлал: Антонио Гутерриш, Ван И нар Монголд ирнэ

Айлчлал: Антонио Гутерриш, Ван И нар Монголд ирнэ

Наймдугаар сард улс төр идэвхжихийн сацуу айлчин, гийчидтэй, хөл хөдөлгөөнтэй байх нь.

Тодруулбал, ирэх наймдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Монголд хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал хийх юм байна. Түүний айлчлалын үеэр эрчим хүчний төслүүдийн санхүүжилт болон нүүрсний тээвэрлэлт, төмөр замын холболт, хил гаалийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл бий.  Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх аж. Эдгээр цахилгаан станцын санхүүжилтийн асуудал шийдэгдвэл бүтээн байгуулалтын ажлыг энэ намраас эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Монгол Улс БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлсэн байв. Экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоос 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум, нүүрсний экспорт 652.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Түүнийг буцсаны дараахан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монголд айлчлах тов байна. Тэрбээр наймдугаар сарын 8-нд манай улсад анх удаагаа айлчлах аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антониу Гутерриш Монголд айлчилж байгаа нь манайд эерэг сурталчилгаа болох нь дамжиггүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо тэрбум мод тарих амлалтыг олон улсын өмнө өгсөн. Мөн таранзит Монгол болохоо амалсан билээ.

Наадмын өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Улаанбаатарт нэг өдрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр Монголд айлчлал хийхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхсан. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, айлчлалын үеэр яригдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн билээ.

 С.Лавров “Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн” талаар онцолсон бол Б.Батцэцэг сайдын зүгээс хоёр улсын зүгээс хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол байгааг тодотгоод “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн төмөр замаар манай улсын баруун болон зүүн талаар хоёр хөрштэйгөө холбогдох коридоруудын асуудлыг ярилцлаа.Мөн эрчим хүчний салбарт эрчим хүчний объектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар сансар судлалын салбарт хамтын ажиллагааг сэргээх, ерөнхий боловсролын сургууль байгуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохирсон” талаар мэдээлсэн.

С.Лавровын айлчлал ихээхэн шүүмжлэл дагуулж, АН-ынхан түүнийг эсэргүүцэж хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн жагсаал хийж байсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж