Оросын агент ялах уу, Л.Оюун-Эрдэнэ ялах уу?!

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Оросын агент ялах уу, Л.Оюун-Эрдэнэ ялах уу?!

Оросын агент ялах уу, Л.Оюун-Эрдэнэ ялах уу?!

Үүрдийн дайсан, үүрдийн  найз гэж улстөрд байдаггүй. Энэ үүднээс Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын зам салах нь болдог юм болдгоороо болж байна гэсэн үг.  Эрүү толгой, эр, эм хоёр хүртэл салж нийлдэг хорвоод энэ бол гайхах зүйл огт биш. Харин тэдний хоорондын зодоонд Монголын эрх ашиг хаана байгаа нь чухал.

Нэг.

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Характер, харизмтай залуу улстөрчийн хувьд түүнд түүхэнд үлдэх амбиц бий нь лав.  Иймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, боомтоо сэргээх, эрчим хүчний болоод төмөр замын төслүүдээ хөдөлгөхөөр амбицалж яваа.  Эрдэнэбүрэн, Багануур, Тавантолгойн цахилгаан станцыг барьснаар Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ хангаад зогсохгүй, экспортлох боломж нээгдэх юм.

Урдаа тахалтай, хойноо дайн байлдаантай буфер улсын Ерөнхий сайдын, мөн эрх барьж буй МАН-ын даргын хувьд эдийн засгийг хямралаас гаргах, эх орныхоо аюулгүй байдлыг хангах том үүрэг хариуцлага түүнд бий.

Л.Оюун-Эрдэнийг бодлогыг харахад алдаа нь ч байна, оноо ч байна.  Төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулахын хувьд түүнд шүүмжлүүлэх асуудал цөөнгүй.

Гээд  Оюутолгой, Эрдэнэтийн хэрүүл эцэслэж, Хөгжлийн банкны хулгай луйвартай Л.Оюун-Эрдэнийн засаг чамгүй тэмцсэн. Үр дүнд нь тус банкны чанаргүйд тооцогдож байсан 503 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.  Гэхдээ Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаатарын Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн төлбөр хийгдээгүй байгааг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн билээ.  Энэ нь Л.Оюун-Эрдэнэ, Женко хоёрын эрх ашиг салах шалтаг, шалтгаануудын нэг байх. Нөгөөтэйгүүр энэ намрын Л.Оюун-Эрдэнийн улс төр бол нүүрсний бүлэглэлтэй хийх тэмцэл байх биз. Өнгөрсөн хавар ч үүнийгээ олон нийтэд ил зарласан.

Тэрбээр нэгэнтээ журмын нөхдийнхөө авлига, албан тушаалын хэрэгтээ хатуу тэмцэнэ гэсэн, тэр нь Женко Баттулга байжээ гэлтэй, АТГ-аас экс Ерөнхийлөгчийг Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Майдар төслөөр нь шалгаж эхэлсэн гэх мэдээлэл МАН-ын болон Засгийн ордноос сонсогдож байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайтын овоолсон шороог эргэж ухахаар болсон гэхээр.

Хоёр.

Эсрэг талд нь экс Ерөнхийлөгч  Х.Баттулга зогсож байна. Одоогийн албан тушаал нь Жүдогийн ерөнхийлөгч. МоАХ-гоо Д.Монголхүүд өгөхгүй гэж заргалдаж буйг нь эс тоовол улс төрийнх нь цорын ганц албан тушаал нь.  Өөрийнх нь шуналыг бодсон ч тэр ингээд тэтгэвэртээ гарчихыг хүсэхгүй байгаа биз.

 Бизнесийнх нь болон улс төрийнх нь түүх нь хулгай, луйвар болгонтой холбогддог нь худлаа ч юм биш.  Төрийн өмчийг хууль бусаар худалдаж авснаас эхлээд 17 чингэлэг спиртыг ус болгосон, төмөр замаар бондын мөнгийг шамшигдуулсан, Майдар, шинэ сумаас төсвийн мөнгийг угаасан, ТЭДС, Хөгжлийн банк гээд хаана их мөнгөний луйвар, хулгай яригдана, тэнд Женко Баттулгын нэр зоолттой дагалддаг. Авчиг өнөөдрийг хүртэл түүнтэй ял асуусан, нэхсэн хүн алга.

Нэгэнтээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгыг төмөр замын мөнгийг угаасан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг Дубайн гэрээг байгуулсан гэх асуудалд буруутгаж, интерполоор хүртэл эрэн сурвалжлуулж байсан нь саяхан.  Тэрчлэн Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт татах гэснийх нь төлөө М.Энхсайханыг, Оюутолгойн гэрээг байгуулсан тул С.Баяр, С.Баярцогт нарыг хилсээр буруутган, шоронд хийсэн. Эцэст нь эхнээсээ тэд цагаадаж байна.

Х.Баттулгын үед Монголын гурван Ерөнхий сайдыг хилс хэргээр хууль, шүүхэд дуудаж, шоронд хорьсон нь Кремлийн заавар, даалгавар байсан гэх хардлага олон нийтэд байдаг. Э.Бат-Үүл, Д.Сосорбарам гээд АН-ын гишүүд ингэж хэлж, бичиж байсан ч удаатай.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монголыг золтой Шанхайн ломбардад тавьж, цаазын ялыг сэргээчихээгүй.  Тэрбээр өдгөө АН-ыг хоёр хувааж, аврагчийн дүрээр буцаж ирэхийн тулд  хүн шатааж, хүрээ талах нь холгүй байна. Гэх мэт Х.Баттулга хувийн эрх ашгийнхаа төлөө  Монголыг зарж идэхээсээ сийхгүй нэгэн гэхэд хүн гүтгэсэн хийгээд гөрдсөн болохгүй биз.

Гурав.

Х.Баттулгатай тэмцэж чадах хүн эрх мэдлийнхээ хувьд болоод харизм, характерийг нь бодсон ч өнөөдөр Л.Оюун-Эрдэнээс өөр хэн байна. Намынхаа том лидерүүдтэй тэмцэж, тулж явсан үүх, түүхийг нь харсан ч тэр. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр АН-ын залууст Х.Баттулгатай тэмцэх нь бүү хэл түүнийг эсэргүүцэх хүч хийгээд эр зориг  үзээд өгье гэхнээ алга. Ах нарынхаа ард нуугдчхаад эрх мэдэл горилж буй АН-ын залуусаас илүү Х.Баттулгыг хулгай, луйврын зогсоох эр зориг Л.Оюун-Эрдэнэд байж магадгүй.  АТГ-ыг, цагдаа, тагнуултай нь атгасан хүний хувьд.

Хөшигний ард өрнөж буй үйл явдлыг энэ мэтээс харахад энэ намрын гол улс төр энэ хоёр хүний дунд өрнөж магадгүй байна.  Үндсэндээ “Монгол ялах” эсвэл монголчууд ялах, Оросын агент ялах эсвэл Л.Оюун-Эрдэнэ ялахаас манай үндэсний аюулгүй байдал,  ардчилал, хүний эрх, эрх чөлөө хамаарна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж