Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.07.27/ танилцуулж байна.
"ОХУ-ААС СУРГУУЛИЛАЛТДАА ЗОРИУЛЖ ТЕХНИК ОРУУЛЖ ИРЭЭД БУЦААГААД АВААД ГАРДАГ УЛАМЖЛАЛТАЙ"
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын ажлын төлөвлөгөөг баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар 11 жилийн дараа албан ёсны айлчлал хийснээрээ онцлог байв. Сингапур улстай харилцаа хөгжүүлж байх явцдаа олон салбар чиглэлээр хөгжлийн ололтуудыг Монголд нутагшуулах, туршлага солилцож, судалгаа хийж ажиллаж байсан боловч энэ удаагийн айлчлал шиг үр дүнтэй айлчлал хэрэгжиж байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Сингапурын хуримтлалын сан, "Темасек" олон улсын сан, Орон сууц хөгжлийн зөвлөл, Сингапурын үндэсний их сургуульд, инженерчлэлийн компанид тус тус зочлон үйл ажиллагаатай танилцсан. Яриа хэлэлцээрийн үеэр,
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Цахим шилжилт, хуримтлалын сан
- Нийтийн орон сууцжуулалт, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах
- Ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх
- Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд Сингапур улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай ажиллахын тулд тодорхой баримт бичгүүд байгуулсан.
Мөн "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалтын талаар тайлбар өгөхдөө "Монгол Улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж буй. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ" хээрийн сургуулилалтыг жил бүр зохион байгуулдаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг юм.
Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэ сургуулилалт нь жил болгон хийдэг, төлөвлөгөөт ажил. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийдэг сургуулилалт" гэв.
Хилийн боомтын асуудал шийдэгдэж, хэвийн горимдоо шилжсэн. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И сайдын айлчлалын товыг тохирч байж зарладаг учраас хэлэх боломжгүй байна. Хятад улстай иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, хоёр орны эдийн засаг, хилийн боомтын асуудлыг хэлэлцэнэ.
"24 САЯ ТӨЛ ХҮЛЭЭН АВСАН НЬ СҮҮЛИЙН 5 ЖИЛД ГАРСАН ХАМГИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ"
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:
-Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна.
Өнгөрсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотой хоёр тогтоолыг баталсан юм.
Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан.
Энэ жил бүх нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч Дундговь аймагт зуншлага оройтож, малын тарга тэвээрэг төдийлөн сайн биш байна. Тэгэхээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий сайдын даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг улсын хэмжээнд зудын эрсдэлийг гаргаж, дүгнэлт хийнэ.
Мөн энэ жил нийтдээ 67.7 сая толгой мал тоолуулж, 24 сая төл хүлээн авсан нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 сая толгой мал бэлчээрлэж байна. Малын зүй бус хорогдол 1.6 сая байдаг бол энэ жил 118 мянган толгой болж буурсан.
"УЛСЫН ХЭМЖЭЭНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХОНОГТ 1000 ГАРУЙ МАШИН ТОГТМОЛ ГАРЧ БАЙНА"
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-АИ-92 бензиний гаалийн албан татварын наймдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлсөн байсан. Энэ арга хэмжээг он дуустал 2390 төгрөгөөр борлуулах чиглэлээр Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Оны эхнээс өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80 хувь өссөн. Үүнтэй холбоотойгоор гадаадын зарим улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байгаа бол зарим нь ямар ч зохицуулалт хийхгүйгээр зах зээлийн үнээр нь борлуулж байна.
АИ-95, дизель түлш, АИ-98 шатахууны төрлүүд 2018 оноос хойш зах зээлийн зохицуулалтаар явж байгаа. Төрийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ авсан.
Гашуунсухайт боомтод хоногт 500-гаас дээш машин тогтмол гарч байна. Улсын хэмжээнд нүүрсний экспорт хоногт 1000 гаруй машин тогтмол гарч байгаа. Цар тахал бүртгэгдэхгүй бол энэ тоог Хятадын зүгээс үлгэлжлүүлэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж буй. Хятад улс дэлхийн эрчим хүчний нүүрсний нийт хэрэглээний тал хувь буюу дангаараа жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Манайх экспортоо улам нэмэгдүүлж, найдвартай ханган нийлүүлэгч болохоо батлах хэрэгтэй. Энэ хэвээрээ байвал оны эцэст нүүрсний экспорт тодотгосон төлөвлөгөөгөөр 28 сая тонндоо хүрнэ. Зэсийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 16 хувь давж байгаа. Зэсийн үнэ 6,300-аас доош орвол төсөвт нөлөөлнө. Нүүрсийг 100 ам.доллароос доош авч тооцдог. Илүү үнэ нь Тогтворжуулалтын сан руу ордог. Өнөөдрийн хагас жилийн байдлаар төсвийн бүрдүүлэлт сайн явж байна.
Холбоотой мэдээ