Лас Вегаст өнгөрсөн нэгдүгээр сард болох байсан Аделийн тоглолт ердөө 24-хөн цагийн өмнө цуцлагдаж, алдарт дуучин нулимстай мэдэгдэл хийж байв. Түүний шинэ тоглолтын тов зарлагджээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 18-наас эхлээд ирэх оны гуравдугаар сарыг дуустал Лас Вегас дахь Цезарс ордонд амралтын өдөр бүр болно.
Гэвч үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байсан тоглолтын тасалбарын үнэ хүмүүсийг ундууцуулжээ. Тодруулбал, цахимаар борлуулагдаж буй тасалбарын үнэ одоогоор 40 мянган ам.доллар байна. Нээлтийн үдшийн урд эгнээний тасалбар 41280 ам.доллар аж.
Тасалбар борлуулдаг гуравдагч цахим хуудсууд үнийг улам хөөргөджээ. Тухайлбал, “StubHub”-ийн тасалбар үйлчилгээний хураамж, гүйцэтгэлийн хураамж гэх мэт зүйлс нь нэмэгдээд бараг 95 мянган ам.доллар хүрэв.
Цезарс ордон дахь Колизей театрын төлөөлөгчид үнийн огцом өсөлтийн талаар тайлбар хийгээгүй байна. Ундууцсан шүтэн бишрэгчид цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. “Тийм их мөнгөтэй хүн хаана ч байхгүй, инээдтэй юм. Яг одоо америкчуудын хувьд хүнд хэцүү үе тохиож байна. Энэ тоглолтуудынх нь олон суудал хоосон байгаасай”, “Бойкот, бойкот, бойкот”, “Тасалбар авахын тулд хоёр дахь орон сууцны зээл авах хэрэгтэй” гэж хүмүүс дургүйцлээ илэрхийлэв.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ