Төмсний үнэд хяналт тавьж, улмаар үнэ буурсан тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас мэдээллээ. ШӨХТГ-аас мэдээлснээр өчигдөр /2022.07.26/ зах дээр эрт ургацын 10 тонн буюу 250 шуудай төмс буужээ. Ингэснээр Барс зах дээр төмсний бөөний үнэ 2880-2900, жижиглэнгийн үнэ 3200-3400 төгрөг болж буурсан байна. Дээрх бөөний үнээр 25 кг шуудай төмс 72-74 мянган төгрөг болж буурсан гэсэн үг.
Долдугаар сарын 23-ны байдлаар иргэдийн ногоо хамгийн их бөөндөж авдаг Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд захад төмс кг нь 4500-5000, бөөний үнэ 3500-3800 төгрөг байсан юм.
Баярын урт амралтын дараа төмс хүнсний ногооны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж, ШӨХТГ болон холбогдох яаманд санал хүсэлтээ илэрхийлээд байсан. Тэгвэл эхний ээлжид шинэ ургац авах хүртэл үнийг тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаагаа ХХААХҮЯ-наас мэдээлсэн билээ.
Одоогоор нийслэлд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад буй.
Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм гэдгийг салбарын яамнаас хэлж байв. Харин ШӨХТГ-аас хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой хэмээн үзжээ. Улмаар дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30 хувь болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүссэн байна.
Холбоотой мэдээ