АМГТГ-ын дарга Л.Баярмандал хоёр орлогчоо чөлөөлөөгүй, дур мэдэн орон тоо нэмж, орлогчдоо авч үлдсэнээр барахгүй гурван хүнийг нэмж авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Манайх өнгөрсөн зургадугаар сард хоёр орлогчоо аль хэдийнэ ажлаас нь чөлөөлсөн. Нийт 150 орон тоотой байж байгаад 148 болсон. Салбар яамнаас бүтэц, орон тоог баталдаг. Гаднаас нэмж хүн ажилд аваагүй. Өмнө нь хэлтсийн дарга байсан хүмүүсээ газрын дарга болгосон. Манайд хоёр орлогч ажиллаж байсны нэгийг нь ажлаас халсан. Нэгийг нь газрын дарга болгосон юм. Тэр гурван хүн нэмж ажилд авсан гэдэг нь хоёр нь өмнө нь хэлтсийн дарга байсан бол газрын дарга болсон. Нэг нь орлогчоос газрын дарга л болсон" гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард залуус жагсаж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан. Үүний дагуу УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ баталсан юм. Уг хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон. Мөн төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглосон билээ.
Холбоотой мэдээ