Нийслэлчүүд 2024 онд л цэвэрлэх байгууламжийн таагүй үнэрээс сална

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд 2024 онд л цэвэрлэх байгууламжийн таагүй үнэрээс сална

Нийслэлчүүд 2024 онд л цэвэрлэх байгууламжийн таагүй үнэрээс сална

Аагим зуны халуунд нийслэл даяар цэвэрлэх байгууламжийн таагүй үнэр ханхалж, хувцсанд шингэх нь энүүхэнд. Ялангуяа энэ зун хур ихтэй байгаа учир борооны дараа үнэр нь улам л гаарч, оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж буй. Одоогийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод удсан. Аль 1964 онд ашиглалтад орж байсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, одоог хүртэл барилгын ажил нь үргэлжилж байна.

Тэгвэл хэзээ ашиглалтад орох талаар нь Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулахад “Барилгын ажил 42 хувьтай явж байгаа. 2023 онд ашиглалтад оруулж, 2024 он хүртэл туршилт хийнэ. Санхүүжилтийн тухайд таван хувийг нь Монгол Улсын Засгийн газар, үлдсэн 95 хувийг нь БНХАУ-ын хөнгөлөлтийн зээлээр тус тус шийдсэн” гэв.  Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдах аж.

Шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Цар тахлын улмаас болж гадаадын инженер, техникийн ажилчид орж ирж чадахгүй ажил нэг хэсэг зогсчээ.

Харин нийслэл даяар үнэртэж буй таагүй үнэрийн талаар лавлахад “Лагийн үнэрийг дарахын тулд хүхэрийн устөрөгчийн давхар ислийн бодисыг өдөрт хоёр удаа цацаж байгаа. Тодорхой хэмжээнд тухайн газар ялзмал процесс явагддаг учраас үнэр гардаг. Одоогийн цэвэрлэх байгууламж бол задгай талбайд үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээж лагийг цэвэрлэх явцад технологийн үнэр гарах нь ойлгомжтой. Мөн төв цэвэрлэх байгууламжийг тойрсон өлөнгийн үйлдвэрээс таагүй үнэр гарч байгаа” гэлээ.

Ямартай ч өвөл болтол өлөн, лагийн үнэр нийслэлчүүдэд үнэртэх аж.

Өвөл гэдгийн учир хөлдүү болохоор үнэр гардаггүй гэнэ. Мөн иргэдээс шалтгаалж буй хүндрэл байдаг гэдгийг албанаас хүмүүс хэлж байлаа. Тодруулбал, иргэд бохир усандаа олон төрлийн цэвэрлэгдэхгүй, шүүгдэхгүй зүйлсийг хийснээр төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохироос их хэмжээний үс, ноос гарч байгаа бөгөөд түүнийг заавал механик аргаар буюу гараар ялгах шаардлага тулгардаг нь хүндрэл учруулж байна. Зөвхөн иргэд гэлтгүй үйлдвэрүүд өөрсдөө урьдчилан цэвэрлэх байгууламжгүй тул хаягдал нь шууд цэвэрлэх байгууламжид ирж, улмаар боловсруулсан лаг дахь хүний биед хортой хүнд металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж