Хэрвээ таны нүд чихийг таглаж бөглөчихөөгүй л бол Жейло, Бэн хоёрын романсыг дуулсан болов уу. Тэд 20 жилийн дараа эргэн нийлж, бал сараа хайрын хот Парист өнгөрүүлж байна. Жейло бал сарын гоёлоороо ямар хувцас, гутал сонгосныг “Vogue” сэтгүүл онцолжээ.
Бид урьд нь Жейлог ихэвчлэн гоёл чимэглэл ихтэй, сүржин маягийн тайзны хувцастай төсөөлдөг байв. Гэтэл А зэрэглэлийн супер од хямд үнэтэй зуны даашинзыг бал сарын гоёлоороо сонгосон нь анхаарал татлаа. Нэг биш хоёр даашинз шүү бүр.
АНУ-ын “Reformation” брэндийн хоёр даашинзыг хэзээ ч хаана ч өмсөхөд нүүр улайлгахгүй гэсэн ангилалд оруулж болно. Эхний гоёл болох цэцгэн хээтэй маалинган даашинз нь тус брэндийн онцлох загваруудын нэг юм. Жейло “Tagliatelle” нэртэй уг даашинзыг хүрэн оосортой өндөр өсгийттэй хослуулаад, хэт гоёчилж, хичээгээгүй шинжтэй алхаж буй харагдана. Даашинзны үнэ 248 ам.доллар юм байна.
Хоёр дахь загвар нь мөн л “Reformation” брэндийн “Stassie” нэртэй даашинз. Энэ нь 2022 оны зуны загварын чиг хандлагыг тусгасан тод ягаан өнгөтэй, хүзүүгээр ороосон утсан мөртэй, дэрвэгэр хормойтой. Уг даашинзыг Жейло алтан эдлэл, платформ өсгийттэй хослуулж, оройн зоогондоо явжээ. Даашинзны үнэ 278 ам.доллар.
Алдарт дуучин бал сараараа энгийн хэв маягийг сонгосон нь илэрхий. Дээрх хоёр даашинзнаас гадна хөлд амар, энгийн салаа углааш өмссөн байсан нь мөн л “Vogue” сэтгүүлийн дуранд өртжээ. Жэйло 1950-аад оныг санагдуулам цэцгэн хээтэй даашинзыг “Hermes”-ийн цүнхтэй хослуулав. Түүний өмссөн углааш 55 ам.долларын үнэтэй.
Энгийн хувцаслалтаа дагаад Жейлогийн үс засалт ч энгийн болжээ. Маалинган даашинзан дээр янзлаагүй үсээ задгай тавьсан нь төгс зохицол байв. Хосууд “Crillon” зочид буудлаас гарч яваа зургийг харахад тэрбээр үсээ мөн л энгийнээр хойноо боожээ.
Түүний дараагийн дүр төрх бол Италийн “Forte Forte” брэндийн хар торгон даашинз ба Ливаны загвар зохион бүтээгч Андреа Вазаны үргэлж өсгийтэй гутлын хослол байв. Андреа Вазаны үргэлж өсгийт нь 15 сантиметр өндөртэй. Бал сарын туршид хуучны Жейло өндөр өсгийттэйгээ нэг удаа эргэн ирсэн нь энэ байлаа.
Бал сарын өдрүүдийн дунд Жейлогийн 53 насны төрсөн өдөр тохиолоо. Тэрбээр 1969 оны долдугаар сарын 24-нд төржээ. Европ тивийг хамраад буй их халуунтай давхцан тохиосон төрсөн өдрийн баяраа тэд зайрмаг идэж тэмдэглэжээ. Төрсөн өдрийн гоёлоороо Жейло газар шүргэсэн урттай, битүү цэцэгтэй даашинз болон “Dolce&Gabbana” брэндийн жижиг дөрвөлжин цүнхийг сонгов. Энэ цүнх нь битүү үнэт чулуу шигтгэжээ.
20 жилийн өмнө Жейло сүрлэг, чамин дүр төрхтэй байсан бол Бэн энгийн пудволктой, хаа нэг бугуйн цагаар л гангардаг байж. Загварын чиг хандлагын хувьд өөр сонирхолтой хос энэ удаад хамаагүй нийцтэй харагдаж байв. Магадгүй Жейло Бэн Аффлекаас санаа авсан болов уу гэж “Vogue” сэтгүүл онцолжээ.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ