Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, аймаг сумдын наадмаар үргэлжилж байна. Бараг л Монголын 21 аймгийн 330 сумын тал нь энэ жил түүхт ойн баяраа тэмдэглэж буй. Тодруулбал, Увс аймгийн Хяргас сумын 100, Наранбулаг сумын 70, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ой, Тарагт сум 100 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 ой, Завханы Алдархаан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын ой, Архангай аймгийн Булган сумын 90, Төвшрүүлэх сумын 80 жилийн ойн баяр гэх мэт урт жагсаалт гарна. Нэг аймагт дор хаяж 2-3 сум тэгш ойтой.
Гэвч 90, 100 жилийн түүхтэй аймаг, сумдын хөгжил ямар түвшинд байна вэ. Бодит амьдрал дээр хөгжил дэвшлийн талаар яриад ч хэрэг алга. Сумдын хөгжил хөсөр хаягдаж, хүн ам нь хот суурин газар руу дүрвээд удаж байна.
Орчин цагт модон жорлонгоосоо салаагүй байж тэрбум тэрбумаар нь найр наадам зохион байгуулах нь хэр зохимжтой вэ. Улсдаа ганц хотын статустай Хэнтий аймгийн Бэрх тосгоноос бусдад нь олон улсын стандартай сургууль, сум дундын эмнэлэг гэж байхгүй. Зам харгуй муутай. Тэртээ 100 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, хөгжсөн юм бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.
Захын нэг сумаар ороход л модон жорлон угтана. Аймаг, сум гэлтгүй нийслэл хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн 2021 оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологдсон гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байв.
Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой. Хүүхдүүд нь идэр есийн хүйтэнд гадаа гарч бие засдаг.
Түүхт ойгоо угтаж, сумандаа ажлын байр бий болгож, авто зам тавьж, эмнэлэг, цэцэрлэг барихаас илүүтэй хэлбэр хөөж хурдан морь уралдуулж, бөх барилдуулахаар өчнөөн мөнгө төгрөг зарцуулдгаа болих хэрэгтэйг иргэд шүүмжилж байна. Орон нутгийн төрөх эмнэлэг хүйтэн байгаагаас эхчүүд төрсний дараа гам алдаж байгаагаа олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан удаатай.
Улсын эдийн засаг өмнө байгаагүйгээр хямарч, цалин тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй болсныг иргэд хэлж байна. Эдийн засгийн байдал ийм хүнд байхад монголчуудын баяр наадам улам хавтгайрсаар.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2022 оны Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулсан. Уг судалгаагаар Дорноговь аймаг анх удаа тэргүүлснийг зарлаж байв. Энэ судалгааг гаргахдаа Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож гаргадаг тухай албаныхан танилцуулдаг.
Холбоотой мэдээ