Цементийн тээвэрлэлт саатсан, саатаагүй

Хуучирсан мэдээ: 2022.07.27-нд нийтлэгдсэн

Цементийн тээвэрлэлт саатсан, саатаагүй

Энэ долоо хоногийн VS  буландаа Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар болон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Л.Наранбаатарын хувьд вагоны хангалт хийхгүй байгаагаас цементийн тээвэрлэлт саатахад хүрч байгаа тухай сошиалд жиргэсэн бол УБТЗ-ын зүгээс бүх битүү вагоноо цементийн тээвэрлэлтэд ашиглаж байгаа гэсэн юм. 


 

С.Батдөл
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга

-"УБТЗ” ХНН нь бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрлэгч цементийн үйлдвэрүүдийнхээ цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд өөрийн бүх хүчин чадлыг шавхан бүх битүү вагонуудаа зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна. УБТЗ нь Хөтөл өртөөн дэх  “Цемент шохой” ТӨХК-иас гадна Олон Овоо өртөөн дэх “МАК” ХХК,  Өргөн өртөөн дэх  “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.

Цементийн  тээвэрлэлтийг 2022 оны долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар авч үзвэл, Олон Овоо өртөөн дэх “МАК” ХХК  нь УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс 187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан. Хоног бүр үйлдвэр хэвийн ажиллаж, ачилтыг хэвийн хийж гүйцэтгэсэн байна.

Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК  нь 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалт хийсэн байна. Үүнээс ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж чадаагүй 23 вагон байна. 2022 оны долдугаар сарын 2-6-ны өдрүүдэд ачилтад захиалгын дагуу вагон өгсөн боловч үйлдвэрт жагсаал болсон болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй. Мөн энэ сарын 11,12,17,18-ны өдрүүдэд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн зэрэг нь битүү вагоны эргэлт, цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагон эргэлт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр сайжрах болно.

Энэ оны наймдугаар сард Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн задгай клингерийн цехэд засвар хийх үед бид өөрсдийн нөөц бололцоог шавхан хоног бүр 8-10 битүү вагон ачилтад өгч тээвэрлэхэд агуулахын нөөцийг есдүгээр сарын 1-ний өдрийн дотор дуусгах боломжтой гэж үзэж байна.

Л.Наранбаатар
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
-Вагоны хангалт байхгүйгээс өнөөдөр Улаанбаатар хотод үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд уут нь 15 мянган төгрөгөөр худалдаалах цемент орж ирж чадсангүй. Захуудад үлдэгдэл тэг байна.
Иймд хэрэглэгчид захуудад очиж бухимдал үүсгэхгүй байхыг хүсье. Бид харъяа яамандаа хандаж байгаа, Барилга, Хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоос УБТЗ уруу хандаж вагон хангалтыг сайжруулах хүсэлт явуулаад ч асуудал шийдэгдсэнгүй.
Цемент нь агуулахад байгаад байдаг, төмөр замаар хот уруу оруулж чаддаггүй, ёстой нэг хонх нь дуугарахаар дамар нь таг гэж. Сэлэнгэ, Дархан машинаар татаж байгаа болохоор аян саадгүй, цементийн нөөцтэй, вагоноор татдаг Улаанбаатар, Эрдэнэт тэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж