NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайханыг онцолж байна.
Цагдаагийн мөрдөн байцаагчаас махны ченж, махны ченжээс төмөр зам бизнесмэн болтоо томорсон тэрбээр Дорноговь аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хөрөнгө, орлогоороо парламентдаа төдийгүй Монголдоо толгой цохидог тэрбумтан. Төмөр замын салбарт цаашдаа түүний нэр нэг тодорхой дүр болж үлдэх нь гарцаагүй. Гол нь сайнаар уу, саараар уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Намтар түүхийг нь харвал Дорноговь аймгийн унаган хүүхэд аж. Ажил, амьдралынхаа гарааг унаган нутгаасаа эхлүүлж түүнийг улс төрд илгээсэн хүмүүс нь мөн л унаган нутгийнхан нь.
Тэрбээр НАХЯ-ны дэргэдэг Цэргийн дээд сургуульд суралцаж, цагдаагийн офицероор төгсжээ. 1993 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад бизнесийн мөр хөөснөөр өдгөө асар их мөнгөний эзэн болжээ. 1993 онд “Дорнын говь”, 2004 онд "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг хятадуудтай хамтран үүсгэн байгуулсан байдаг. Олон засгийн үед нүүртэй, мөнгөтэй амьдарч ирсэн нь түүний арга, зальтай ч холбоотой байх. “Болдтөмөр Ерөө гол” компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших стратегийн ач холбогдол бүхий төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг.
Харин “Дорнын говь”, "Болдтөмөр Ерөө гол” хамтран байгуулсан “Дорнын төмөр зам” компани нь Баянголын ордоос Ерөө өртөө хүртлэх 98 км төмөр замыг эзэмшдэг. Хувийн хэвшлээс анх удаа өөрийн хөрөнгөөрөө төмөр зам тавьсан түүх түүнтэй хүссэн ч эс хүссэн ч холбогдоно. Гэхдээ тухайн үед буюу 2008 онд Засгийн газраас түүнд төмөр зам тавих зөвшөөрөл олгосны ард Н.Энхбаяр байсан гэх хардлага одоо ч байдаг. Тэрбээр ОХУ-аас 1000, урд хөршөөс өргөн царигийн 2000 вагоныг худалдан авч, өөрийн вант улсыг байгуулсан байдаг.
Парламентын оффшортонгуудын нэг нь Б.Дэлгэрсайхан гишүүн. Бизнесмен байхдаа оффшорт данс нээлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш. Үүнийгээ ч нууж хаадаггүй, тэрбээр “би оффшор дансаараа нэг тэрбум ам.доллар оруулаад гаргасан” гэж мэдэгдэж байсан ч удаатай.
Өдгөө 58 настай, “өнөр өтгөн” гэр бүлийн тэргүүн түүний жилийн орлого таван тэрбум, 49 сая төгрөг. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570 унадаг аж.
Өнгөрсөн өвөл тэрбээр хятад иргэнийг зодсон асуудалд нэр холбогдож, багагүй дуулиан дэгдээж байв. Гэвч, тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэж, “таяг тулсан хөлгүй хүн хүн зодож чадах уу” гэсэн тайлбар хийсэн. Ямартай ч хятад иргэн хүн гүтгэсэн үү, эсвэл гишүүн мөнгө өгсөн үү, энэ хэрэг тэгсхийгээд л намжсан.
Түүний хувьд зөрчлийн хуулиар торгуулсан иргэдэд хүү тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлснээсээ болоод багагүй баалуулсан.
Тэрбээр 2017 онд эдийн засгийн хямралыг давахад хувиасаа 100 сая төгрөг гаргаж байсан. Түүнийг намынхан нь парламентын “ATM” гэх нь бий. Хамгийн сүүлд тэрбээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн байдаг. Энэ мэтээр тойргоо багагүй торддог гишүүдийн нэгээр нэрлэгддэг.
Намтар түүх:
1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга
1993-2016 онд“Дорнын говь” ХХК
2004-2015 онд“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хөрөнгө орлогын мэдүүлэг:
Жилийн орлого:- 5 тэрбум, 49 сая төгрөг.
Орон сууц:- Нийт үнэлгээ дөрвөн тэрбум 832 саяын хоёр орон сууцтай.
Авто зогсоол:-Хоёр
Авто машин:-500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570- 1 машинтай.
Хадгаламж: Хоёр тэрбум 136 сая төгрөг.
Б.БАТ
Холбоотой мэдээ