Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Өлзийт хурд” галын нэрэмжит уралдаан өчигдөр /2022.07.25/ болох үеэр унаач хүүхэд эндсэн харамсалтай осол гарсан. Энэ асуудлыг хэрхэн шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Түвшинширээ сумын удирдлагаас тодрууллаа.
Түвшинширээт сумын тамгын газраас өгсөн мэдээллээр “Өчигдөр “Өлзийт хурд” нэрэмжит хурдан морины уралдаан болсон. Хязаалан, дааганы уралдаан болох байсан ч осол гарсан учир уралдааныг зогсоосон. Хязаалан насны морь унаж байсан 10 настай унаач охин мориноосоо унаж, яаралтай түргэн тусламж авч чадалгүй харамсалтайгаар нас барсан. Тиймээс уралдааныг зогсоосон. Талийгаач Уул-Баян сумын харьяат байсан. Өчигдөр хязаалан насны уралдаанд 68 морь уралдсан. Хүүхэд эндсэн асуудалтай холбоотойгоор аймгийн холбогдох албууд мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр унаач охины морь оготны нүхэнд бүдэрч, осолдсон.
Шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өөр мэдээлэл байхгүй” гэлээ.
ГБХЗХГ: АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГАА
Хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхаарч ажилладаг. Он гарснаас хойш 400 гаруй хурдан морины уралдаан зохион байгуулагдаж 26 хүүхэд мориноос унаж гэмтэж, зургаан хүүхэд нас барсан. Өчигдрийн суманд гарсан осолтой холбоотой шалгалтын ажлууд эхэлсэн. Сумын ГБХЗХГ-аас холбогдох хүмүүстэй хамтарч шалгалтын ажилд оролцож байгаа гэв.
ЦЕГ: ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Унаач хүүхэд уралдааны үеэр амь алдсан асуудлыг тус аймгийн Түвшинширээ сумын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Одоогоор урьдчилсан дүгнэлтээс өөр мэдээлэл байхгүй. Хүүхэд эндсэн асуудлаар уралдаан зохион байгуулагч, унаач хүүхдийн ар гэр, бусад холбогдох хүмүүсээс байцаалт авч байгаа гэх хариултыг өглөө.
Холбоотой мэдээ