ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Африк тивд айлчилж байна. Тэрбээр өчигдөр /2022.07.25/ Конго улсын удирдагчтай нүүр тулсан хэлэлцээ хийв. Энэ удаагийн айлчлал нь Оросыг олон улсын тавцанд дэмжүүлэх зорилготойг "Euro news" хуудас онцоллоо.
АНУ-ын удирдагчид Лавровтой зургаа авахуулахгүй байхыг харилцан ятгалцаж байна гэж Оросын Гадаад хэргийн яам буруутгасан. Тэгвэл Ням гаригийн орой Конго улсын Гадаад хэргийн сайд Жан-Клод Гакоссо түүнийг халуун дотноор угтаж авсан гэв.
“Орос улс Африктай Зөвлөлтийн үеэс хойш сайн харилцаатай байсан. Бид Африкийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд, тусгаар тогтносон улсуудыг сэргээхэд, эдийн засгийг нь өсгөхөд тусалсан” гэж айлчлалын өмнө Лавров хэлжээ. Африкийг колоничлолоос ангижруулахад Орос өндөр үүрэг гүйцэтгэсэн гэж тэр онцолсон байна.
Барууны хориг арга хэмжээ нь газрын тос дамжуулах хоолой, цөмийн эрчим хүчний төслүүдийг эхлүүлэхэд саад болохгүй гэдгийг Африкийн түншүүддээ Орос батлахыг зорьж буй гэж албаны хүн хэлэв. ОХУ нь Африкийн орнуудад үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний найдвартай ханган нийлүүлэгч хэвээр байна.
Лавровын Африк дахь айлчлал Египетээс эхэлсэн. Тэрбээр Египетийн ерөнхийлөгч Самех Шукритай хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Лавров Оросын цэргийн ажиллагааны талаар албаныхантай ярилцаж, мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулахыг уриалжээ. Мөн өмнөх энхийн хэлэлцээнүүд амжилтгүй болсон бурууг Украинд тохсон байна. “Украины эрх баригчид, ерөнхийлөгч, түүний тоо томшгүй олон зөвлөхүүд Украин ялах хүртэл хэлэлцээр хийхгүй гэж хэлдэг” гэж Лавров хэлэв.
Эх сурвалж: EURONEWS