Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн сургуулилалт Монгол Улсад болох товтой. Гэвч Орос, Украины нөхцөл байдлын улмаас Оростой цэргийн сургуулилалт хамтран хийж байгааг иргэд шүүмжилж байна.
Энэ талаар олон улс судлаач П.Наранбаярын байр суурийг тодруулахад “Олон улсын хэвлэл мэдээллээр энэ талаар зарлаагүй байх шиг байна лээ. Жил бүр хийдэг сургуулилалт л даа. Манайх АНУ-тай ч “Хааны эрэлд” гээд сургуулилалт хийдэг. Монгол Улсын хувьд аль, альтай нь л тэгш харилцах гадаад бодлогыг баримталж байна” гэлээ.
Харин Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалтын талаар удахгүй нэгдсэн журмаар мэдээлэл өгнө гэдэг хариултыг өгсөн юм.
Өнгөрсөн жил “Сэлэнгэ-2021” цэргийн сургуулилалт есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 5-ны хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан. Энэхүү сургуулилалтад Монголын зэвсэгт хүчин, ОХУ-ын Алс Дорнодын цэргийн хорооноос нийт 1400 цэрэг, алба хаагч оролцож, олон улсын терроризмтой тэмцэх тал дээр харилцан туршлага судалж байв. Харин 2020 онд ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэр “Бурдун”-ы полигонд болж байжээ.
Мөн энэ оны зургадугаар сард “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль Монголд болсон.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал хамтран “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгосон юм.
Өнгөрсөн сарын 20-ныг хүртэл үргэлжилсэн сургуульд 15 улсын 1000 орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургалт, дадлагад хамрагдсан талаар албаныхан мэдээлж байв.
Холбоотой мэдээ