Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний тархалтын улмаас онц байдал зарласан. Уг өвчнөөр дэлхийн 75 орны 16 мянга орчим хүн өвдөөд байна. Тэгвэл Европын холбооны гүйцэтгэх албанаас салхин цэцэг өвчний вакциныг сармагчны цэцэг өвчинд хэрэглэхийг зөвшөөрлөө.
“Европын комисс нь Европын холбооны Эмийн хяналтын байгууллагын зөвлөмжийн дагуу "Имванекс" нэртэй салхин цэцэг өвчний вакциныг зах зээлд гаргах зөвшөөрлийг сунгалаа” гэж өчигдөр /2022.07.25/ мэдэгдэв. Эл зөвшөөрөл нь Европын холбооны бүх гишүүн улс болон Исланд, Лихтенштейн, Норвегид хүчинтэй юм.
"Имванекс" нь салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Европын холбоонд 2013 оноос хойш батлагдсан вакцин юм. Сармагчны цэцэг, салхин цэцэг хоёрын вирус нь ижил төстэй байгаа тул дээрх вакциныг хэрэглэж болно гэж үзжээ.
Нидерланд улс эрсдэлт бүлгийн иргэдээ сармагчны цэцгийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдлээ. Вакцинжуулалтыг зөвхөн хотын эрүүл мэндийн газар юм уу Халдвартын эмнэлэгээс санал тавьсан иргэдэд л хийх юм байна. Эхний ээлжинд 32 мянган хүнд хийхээр товложээ. Вакциныг хоёр тунгаар хийх бөгөөд хоорондоо 28 хоногийн зайтай байна. Долдугаар сарын 21-ний байдлаар Нидерланд улсад 712 хүнээс сармагчны цэцэг өвчний вирус илэрчээ.
Европын орнуудад түлхүү тархаад байсан сармагчны цэцэг өвчин Азийн орнуудад аюулын харанга дэлдэж эхлэв. Тухайлбал, Япон улсад өчигдөр тус өвчний анхны тохиолдол илэрлээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, саяхан гадаадад аялаад ирсэн 30 гаран насны Токио хотын оршин суугч эерэг гарчээ.
Тухайн хүнд долдугаар сарын 15-наас хойш шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэв. Тодруулбал, тууралт гарч, өндөр халуурч, толгой өвдөж, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрчээ. Албаныхны мэдээлснээр, энэ хүн зургадугаар сарын сүүлээр Европ руу явж, долдугаар сарын дундуур Япондоо буцаж ирсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA, NHK, ANADOLU AGENCY
Холбоотой мэдээ