Сурвалжлага: Уран гулгалтын сургалтыг 60 жилийн дараа сэргээв

Хуучирсан мэдээ: 2022.07.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Уран гулгалтын сургалтыг 60 жилийн дараа сэргээв

Сурвалжлага: Уран гулгалтын сургалтыг 60 жилийн дараа сэргээв

"Ингэж хөлөө өргөх үү", "Дахиад нэг гулгая" хэмээн хүүхдүүд багшаа дуудацгаана. Сонгодог хөгжмийн аянд хөлөө алгуурхан өргөж, "Би чадчихлаа " гэж бие биедээ гайхуулна. Ирээдүйн уран гулгагчид хөлдөө өмссөн тэшүүртээ түйртэлгүй сурамгай гэгч нь гулгах нь өхөөрдөм. Тэд мөсөн дээр тойрог зурж, өрөөсөн хөл дээрээ зогсч, хөлөө солбино.

"Би найман настай. Мөсөн дээр гулгах гоё байна. Хөлөө өргөөд гулгах нь хэцүү байлаа" хэмээн П.Ананд хүү хэвлүүхэн хариулна. Харин Б.Номин-Эрдэнэ охин 10 настай. Бяцхан охин ролк унасаар байгаад тэшүүрээр гулгаж сурсан гэв. "Би сая нэг л удаа мөсөн дээр унасан. Гэхдээ өвдөөгүй ээ. Өмнө нь багшаар мөсөн дээр гулгахыг заалгаж байгаагүй" гэлээ.

Тэртээ 1962 онд Монголын анхны уран гулгалтын багш Д.Цолмон 7-11 насны 30 гаруй хүүхдэд дугуйтай тэшүүрээр уран гулгалтын сургалтыг зааж байсан түүхтэй.

Тэр цагаас хойш өдгөө 60 жилийн дараа олон улсын стандартын мөсөн талбай дээр Монгол Улсыг төлөөлж буй анхны уран гулгагч Г.Марал-Эрдэнэ "Степпе арена" компанийн урилгаар уран гулгалтын сургалт явуулж буй нь энэ. Тэрбээр Япон улсаас (2022.07.22) эх орондоо хүрэлцэн ирсэн даруйдаа сургалтаа явуулж эхэлжээ.

Сургалтад 4-35 насны 50 гаруй хүн бүртгүүлжээ.

Тэд 14 хоногийн хугацаатай, долоо хоногийн гурван өдөр, нэг удаадаа 90 минутаар хичээллэх аж. Биднийг "Степпе арена"-д очиход хамгийн бага насны буюу 4-14 насны ирээдүйн уран гулгагчид хичээллэж байв.

"Монголд уран гулгалтын спортыг заах мэргэжлийн багш, тамирчин, мэргэжилтэн байдаггүй. Харин уран гулгагч Г.Марал-Эрдэнэ Японд спортын шинжлэх ухааны сургуульд биомеханизмын чиглэлээр магистрт суралцдаг. Манай компанийн урилгаар анх удаа уран гулгалтын сургалт болж буй гэдгээрээ онцлог.

Энэ сургалтад насны хязгаар байхгүй. Хамгийн багадаа дөрвөн настай хүүхдүүд хичээллэж байгаа. Сургалтад хамрагдахын өмнө хүүхдүүдийг шалгаж авсан" гэдгийг "Степпе арена" компанийн Хэвлэл мэдээллийн ажилтан О.Зулбэл хэлэв.

Г.Марал-Эрдэнэ "Надад Монголдоо уран гулгалтын сургалт явуулах нууцхан хүсэл байсан. Тэр хүсэлдээ хөтлөгдөн эх орондоо ирлээ. Анх "Степпе арина"-г хараад маш их баярласан. Эх оронд маань орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мөсний чанар олон улсын стандартаас дутахааргүй ийм сайхан байгууламжтай болсонд баяртай байна. Хамгийн гол нь уран гулгалтын үндсэн техник, элементүүдийг зааж, өгөх юмсан гэсэн хүсэл маш их байсан. Хэдийгээр богино хугацаа ч гэсэн сургалт маш амжилттай болно гэж найдаж байна" гэсэн юм.

Тэрбээр таван настайгаасаа Япон улсад амьдарсан. Анх хоёрдугаар ангийн сурагч байхдаа уран гулгалтын сургалтад долоо хоног хоёр удаа явдаг байж. Тэр сургалтаа төгсөөд шалгалтад тэнцэж, тавдугаар ангиасаа мэргэжлийн клубт орсноор энэ спортоор тогтмол хичээллэдэг болжээ.

Г.Марал-Эрдэнэ Олимпийн мөнгөн медальт, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн гулгалтын багт шалгалт өгч, 2018-2021 он хүртэл энэ шоунд мэргэжлийн тамирчнаар оролцсон. Японы бүх хотуудаар тоглолт хийж, нийт 204 удаагийн тоглолтод оролцсон тухайгаа ярилаа.

Тэр анх 14 настайдаа Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцож байсан бол 2019 онд ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулсан өвлийн XXIX Универсиад наадамд амжилттай оролцсоноор түүнийг монголчууд сайн мэддэг болсон билээ.

"Манайх 3.5 сая хүн амтай байлаа гэхэд дор хаяж 10 мянган хүүхэд энэ спортоор хичээллэдэг байх хэрэгтэй. Тэр дундаа бүс, орон нутгийн тэмцээнүүдийг байнгын давтамжтай зохион байгуулж, тэр дундаас сайн тамирчид төрөн гарна. Энэ менежментийг сайн хийж чадвал олимпийн тамирчин төрүүлэх бүрэн боломжтой. Төсөв санхүү, төр засгийн дэмжлэг байхгүй бол энэ спортоор амжилт үзүүлэхэд маш хэцүү" гэдгийг Г.Марал-Эрдэнэ яриандаа онцолсон юм.

Түүний ээж А.Шинэсаран “Охин минь өнгөрсөн 16, 17 жил уран гулгалтын спортоор тууштай хичээллэж байна. Энэ хугацаанд хэцүү үе байсан. Хүйтэн мөсөн дээр эмэгтэй хүүхэд дандаа ойчно гэдэг ээжийнх нь хувьд харахад амаргүй. Өөрөө энэ спортод дуртай учраас өдийг хүрсэн. Эмэгтэй хүүхдийн хувьд бие нь өсч,  өөрчлөлт орох үед нийтлэг хэцүү байдалд ордог. Энэ үеийг давах нь чухал” гэдгийг хэлж байв.

Г.Марал-Эрдэнэ "Миний мөрөөдөл бол яг энэ. Би ганцаараа Монголын уран гулгалтын тамирчин байсан бол одоо хойч үе болсон дараагийн шинэ тамирчнаа бэлтгэхийг хүсч байсан. Би өөрийн мэддэг туршлагаа бүгдийг нь зааж өгмөөр байна. Эх орондоо энэ спортыг улам хөгжүүлэхийг хүсч байна" хэмээн мөрөөдлөө хуваалсан юм.

Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсын хувьд өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Юуны магад, эдгээр хүүхдүүд дундаас тив дэлхийд нэрээ цуурайтуулж, төрийнхөө далбааг мандуулсан ирээдүйн уран гулгалтын тамирчин төрөн гарахыг ч үгүйсгэхгүй.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж