Хятад улсын Хэнан мужид банкны хадгаламж эзэмшигчдийн жагсаал өрнөөд буй. Учир нь, Хятадын банкны Хэнан дахь салбар иргэдийн хадгаламжийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж нэрлээд, буцаан авах боломжгүй гэж мэдэгдсэн. Хэнан банкны хадгаламж эзэмшигчид царцаасан мөнгөө долдугаар сарын 15-ны өдөр буцааж авах байсан ч цөөхөн хэдэн хадгаламж эзэмшигч л авч чаджээ. Тиймээс банкуудад ямар ч мөнгө үлдээгүй юу гэсэн ноцтой асуулт гарч ирэв. 1000 гаруй хадгаламж эзэмшигч долдугаар сарын 10-нд тус улсын төв банкны Жэнжоу дахь салбарын гадаа цугларч, өнөөг хүртэл хамгийн том эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Удахгүй эрх баригч коммунист намын 20 дугаар их хурал болох гэж байхад ийнхүү эсэргүүцлийн жагсаал өрнөсөн нь ховор тохиох үзэгдэл юм. Хятадын банкны зохицуулах хороо өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт санхүүгийн тогтвортой байдлын талаарх санаа зовнилыг төрүүлээд буй хямралыг арилгах амлалт өгч, жижиг зээлдүүлэгчдийн гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохоо амлажээ.
Эсэргүүцлийн жагсаалын хажуугаар Хятадын армийн танкууд гарч ирсэн нь олон нийтийг цочирдууллаа. Шуугианы голомтод байгаа банкуудыг хамгаалахын тулд танкуудыг байрлуулсан гэж албаныхан мэдэгджээ. Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харахад танкууд урт дараалал үүсгэн зогссон байв. Иргэд хэдий бухимдалтай байгаа ч хуягт танкууд байгаа тул хүлээхээс өөр аргагүйд хүрчээ. Эл үйл явдлыг иргэд 1989 онд болсон Тяньаньмэний талбайн хядлагатай зүйрлэсэн байна.
Хятадын банк, даатгалын зохицуулах хорооноос мэдээлснээр, жижиг, дунд банкууд нь тус улсын эдийн засагт нийт банкны активын бараг гуравны нэгийг бүрдүүлдэг аж. Гэвч цаг хугацааны явцад ихээхэн эрсдэлийг бий болгоод байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд зохицуулах хороо нь жижиг банкуудаас мөнгө залилсан хувьцаа эзэмшигчид болон удирдах албан тушаалтнуудад анхаарлаа хандуулж, өөрийн хөрөнгө, холбогдох гүйлгээнд зохицуулалт хийж байна. Түүнчлэн жижиг банкуудад гадаадаас хөрөнгө татахыг уриаллаа. Энэ нь жижиг банкуудын хөрөнгийн хэмжээ, чанарыг сайжруулах давуу талтай. Хятадын жижиг, дунд банкуудын үйл ажиллагаа тогтвортой байгаа ч зохицуулах хорооны зүгээс иргэдийн хадгаламжийг хамгаалахын тулд эрсдэлээс ангижрах арга хэмжээг үргэлжлүүлнэ гэв.
ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТААС ҮҮДЭН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ БИЙ БОЛСОН
Хэнан мужийн дөрвөн банк болон хөрш Аньхуй хотын нэг банк дөрөвдүгээр сарын дунд үеэс иргэдийн хадгаламжийг царцаасан нь үйлчлүүлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Эдгээр нь Южөү Шиньминшэн тосгоны банк, Шанцай Хуймин дүүргийн банк, Жэчэн Хуанхуай нийгэмлэгийн банк, Кайфэнгийн Шинэ дорнын улсын банк, Гүжэнь Шиньхуайхэ тосгоны банк юм.
Царцаасан хөрөнгийн үнэ 40 тэрбум юань буюу 5.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Зарим хадгаламж эзэмшигчийн хувьд амьдралынхаа туршид хурааж хуримтлуулсан бүхнээ алдах эрсдэлтэй тулгарчээ. Хоёр мужийн орон нутгийн зохицуулагчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс 50 мянган юанийн хадгаламжтай харилцагчдын эргэн төлөлтийг хийж эхэлсэн.
Гэвч бүх харилцагчийн буцаан олголт хийгдээгүй байхад эргэн төлөлт дууссаныг Пүрэв гаригт мэдэгджээ. Гэхдээ энэ долоо хоногийн Даваа гаригаас 100 мянган юань хүртэлх хадгаламжтай иргэдийн зээлийн эргэн төлөлтийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Хятадын эдийн засгийн уналтаас үүдэн санхүүгийн эрсдэлүүд бий болж буйг тус улсын Банкны зохицуулах хорооны Статистик, эрсдэлийн хяналтын албаны ажилтан Лю Жунгруй сануулсан. “Дотоод болон гадаадад үүссэн ээдрээтэй нөхцөл байдлуудын улмаас эдийн засгийн уналтын дарамт санхүүгийн салбарт аажмаар илэрч байна. Зарим шинэ асуудал хуучинтайгаа уялдаж байна. Өндөр эрсдэлтэй сүүдрийн банк нь инноваци хэмээх нэрийн дор эргэн ирж магадгүй” гэж тэр хэллээ. Энэ нь балансаас гадуурх зээлийг онцлон тэмдэглэж буй нэршил юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэж нэрлэгддэг Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны хоёрдугаар улиралд таамаглаж байснаас доогуур гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс дөнгөж 0.4 хувиар өссөн.
Энэ нь цар тахлыг тэглэх бодлогоос үүдэн гарсан тасалдал юм. Түүнчлэн хувийн санхүүгийн байгууллагууд өндөр хүүтэй хадгаламжийн бүтээгдэхүүн амлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн гэж эрх баригчид үзэж байна.
Хятадад 500 мянган юань хүртэлх хадгаламжийг банкны даатгалын тогтолцоогоор баталгаажуулдаг. Гэхдээ энэ тохиолдолд хүлээлгэн өгсөн бэлэн мөнгүүдийг банкинд яг байршуулсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Хөдөө тосгодын жижиг банкууд ихэвчлэн томоохон банкуудын ижил төстэй хадгаламжийн бүтээгдэхүүнээс арай өндөр хүү санал болгодог.
Хятадын Ардын банк 2021 онд орон нутгийн банкуудыг интернет платформ ашиглан орон даяар хадгаламж татах ёсгүй гэж мэдэгдсэн. Гэтэл асуудалд ороод буй таван банкны хадгаламж эзэмшигчдийн шуудан руу илгээсэн баримтаас үзэхэд уг шилжүүлгээ хадгаламж гэж тэмдэглэсэн байжээ. Хадгаламж эзэмшигчид томоохон банкнаас авсан мөнгө хөдөө орон нутгийн банкууд руу цахимаар шилжүүлсэн гэжээ.
Хадгаламжийн хүүгийн хэмжээгээрээ Хятад улс дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ хүчин зүйлийг сүүлийн жилүүдэд хэрэглээний өсөлт харьцангуй бага хэвээр байгаагийн шалтгаан гэж зарим эдийн засагч дурддаг аж. Хятадын Ардын банк өмнө нь арилжааны банкуудын хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог байсан ч 2015 оноос энэ тогтолцоог халсан юм. Ингэснээр банкууд өөрсдөө хүүгийн хэмжээг тогтоох боломжтой болж, жижиг банкууд харилцагч татахын тулд өндөр хүү санал болгох болжээ. Тухайлбал, Хэнан мужийн банкны ердийн хадгаламжийн бүтээгдэхүүн нь жилийн 4.1-4.5 хувийн хүүтэй.
Хятадын Ардын банк өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэгэн судалгааг дэлгэсэн. Судалгаанд 4398 банк оролцсон бөгөөд эндээс 24 нь л аюулгүй гэж үнэлэгджээ. Энэ 24 банк нь нийт банкны активын 70 хувийг эзэлдэг.
Харин 316 банк өндөр эрсдэлтэйд тооцогдсон нь нийт банкны активын нэг хувийг эзэлжээ. Хэнан мужийн банкууд бүгдээрээ өндөр эрсдэлтэй гэж тухайн судалгаанд үнэлэгдсэн байна. Зохицуулагчид хяналт шалгалтаа хэдий нэмсэн ч жижиг банкуудын хувьцааны бүтэц бүдэг бадаг байдаг нь олон жилийн турш тус салбарт хүндрэл учруулж буй аж.
ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Хэнан, Аньхуй мужийн банкууд маш олон хэрэглэгчийн мэдээллийг шалгах шаардлагатай тул шинээр нэвтэрсэн системээр үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг бүртгэж байна. Систем шинэчлэлийн улмаас хэрэглэгчид банкны данс руугаа нэвтрэх боломжгүй болжээ.
Сангийн яамны Хэнан дахь салбар өмч хөрөнгө, эрчим хүчний салбар дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, корпорацийн бондын төлбөрийн чадваргүй байдал, жижиг, дунд банкуудын аюул, ажлын байрны хангамж зэрэгт анхаарлаа хандуулна гэж цахим хуудсандаа мэдэгдэв. Мөн эрсдэлийн удирдлагыг сайжруулж, санхүүгийн асуудал бусад бүс нутагт тархахаас урьдчилан сэргийлэхээ амлажээ.
Хятадын удирдагч Ши Жиньпин энэ оны сүүлээр гурав дахь удаагаа тангараг өргөх төлөвтэй байна. Тиймээс намын их хурлаас өмнө тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахын зэрэгцээ эдийн засаг удааширч байгаа тул санхүү, эдийн засгийн эрсдэл дахин гарч ирэхийг засгийн газраас анхааруулжээ.
Санхүүгийн хямралд орсон банкуудтай ажиллах нэгдсэн стандартыг Хятадын зохицуулах хороо хараахан албан ёсоор батлаагүй байна.
Эх сурвалж: SCMP, NDTV, THE PRINT
Холбоотой мэдээ