Монгол Улсын хувьд наймдугаар сарын 1-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг сарын зайтай хоёр удаа дархлаажуулахаар болсон. Ингэхийн тулд харьяа сум, өрхийн эмнэлгээр дамжуулан сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана гэдгийг албаныхан хэлж буй. Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ вакцин хийлгэхийг зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Хэнтий аймгийн иргэн Т.Отгонцэцэг:
-Манайх хөдөө орон нутагт амьдардаг. Цар тахлын халдвар хөдөөд ч ялгаагүй гарч байгаа. Гэхдээ хот газартай харьцуулахад бага байна. Миний хувьд Covid-19-ийн эсрэг вакциныг хүүхдэдээ хийлгэхгүй. Манай гэр бүл цар тахлын эсрэг нийт гурван тун вакцинд хамрагдсан. Хүүхдүүд маань өөрсдөө дархлаа сайтай учраас томуугийн вакцин ч гэсэн хийлгэдэггүй.
Иргэн Ш.Түвшин:
-Дэлхий нийтэд цар тахал дэлгэрч, хүмүүс өвчилж байна. Улсын хэмжээнд халдварын тархалтыг хумьж чадахгүй байна. Тиймээс хүүхдэдээ вакцин хийлгэхгүй. Би эхнэртэйгээ цар тахлын эсрэг гурван тун вакцин хийлгэсэн. Гэхдээ хүүхдүүддээ вакцин огт хийлгээгүй.
Иргэн Д.Номинчимэд:
-Манай хүүхэд одоо дөрвөн настай. Цаашид цар тахлын эсрэг вакцин хийлгэхгүйгээр өөрийнх нь дархлааг дэмжиж болно. Хүмүүс вакцин хийсний дараагаар цус өтгөрөх гэх мэт нөлөө гарч байгаа талаар хэлж байна. Миний хувьд хоёр дахь тун вакцинд хамрагдсан хэрнээ халдвар авсан. Гэхдээ харьцангуй хөнгөн туссан. Улсын хэмжээнд хүүхдүүдэд цар тахлын эсрэг вакцинд хийж эхэлбэл олонхоо дагаад л хийлгэнэ дээ.
Иргэн Я.Сүнзмаа:
-Хэрвээ хүүхдэд вакцин хийхээр болбол хийлгэнэ. Би өөрөө цар тахлын эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдсан. Би өөрөө эрүүл мэндийн төвд ажилладаг. Цар тахлын үеэр ажлаасаа халдвар авч, эдгэсэн. Хүүхдүүдэд вакцин хийлгэх шаардлагатай, олон нийтээрээ хамрагдвал хүүхдээ вакцинд хамруулна.
Иргэн Д.Дашдулам:
-Хүүхдүүд эрүүл саруул өсч, торниж байхад заавал вакцин хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Ирэх сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна гэдгийг сонссон. Би цар тахлын эсрэг вакцины эхний тунд л хамрагдсан мөртлөө огт халдвар аваагүй.
Иргэн Г.Даваацэрэн:
-Улсын хэмжээнд наймдугаар сараас хүүхдүүдэд цар тахлын эсрэг вакцин хийлгэнэ гэж дуулсан. Гэр бүлээрээ ярилцаж байгаад л хүүхдээ вакцинд хамруулах эсэхээ шийдэх байх. Манай гэр бүл нэг ой, долоон настай хүүхэдтэй. Нөхөр бид хоёр цар тахлын эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдсан. Саяхан халдвар авч, эдгэсэн. Өсч яваа хүүхдүүдэд вакцинд хийлгэх дэмий байх гэж бодож байна.
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ