Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2022.07.25/ мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр
-Эхний асуудал бол Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Энэ дээр талийгаачийн аав, ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд 167 дугаар анги дээр Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдсэн. Энэ мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан. Нэгдүгээрт, 167 дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон офицерын алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлөв. Мөн хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тус ангийн миноватын батёроны захирагч, дэслэгч н.Мөнхжинтулга, артлёрын батёроны ахлах ахлагч н.Батболд нарыг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулж, долдугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Сүхбаатар:
-Монгол Улс дэлхийн сүрьеэгийн өндөр тархалттай 30 орчны нэг. Дотоод болон гадаад нөлөөллөөр сүрьеэ тархдаг. Нэг сүрьеэгийн идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгддэг. Монголд жилдээ 3-4 мянган тохиолдол гардаг. Нас баралт, эрсдэл өндөртэй. Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр гарсан тохиолдол энэ оны гуравдугаар сард анх оношлогдсон. Энэ хугацаат цэргийн алба хаагч цэрэгт ирэхээсээ өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан. Үеэл нь сүрьеэгээр өвчилсөн байсан нь судалгаагаар тогтоогдсон. Нууц үедээ байхдаа тухайн цэргийн алба хаагч цэрэгт ирж, гуравдугаар сард сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн. 4-6 дугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношилгоо, шинжилгээний төв, цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн тандалтын багийнхантай хамтран гурван удаагийн тандалт хийсэн. Сүүлийн тандалт буюу долдугаар сарын 1-10-ны хооронд хийгдсэн тандалтаар нууц үедээ явж буй, идэвхгүй хэлбэрийн 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Үүнийг дүрс, оношилгоо, цээжний рентген зураг, халдвар үүсгэгчийн шинжилгээгээр тогтоосон. Эдгээр тохиолдлууд идэвхгүй хэлбэрийн сүрьеэ. Нууц үед нь оношилсон. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сүрьеэгийн халдвартай ойрхон байсан хүмүүсийг эмчилгээнд заавал хамруулах ёстой. Энэ бол идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж буй арга хэмжээ. Үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 15-наар дараагийн холбогдох шаардлагатай бүлгийг ажиллуулах болно. Сүрьеэгийн тархалт хумигдаж, идэвхгүй үед нь эмчилж, оношилж байгааг ойлгоорой.
-Сүрьеэ өвчин туссан байлдагч өөрөө анхнаасаа өвчинтэй байсан гэсэн үг үү?
-Ер нь сүрьеэгийн тархалтыг үзэхэд идэр насны залуучууд өвдөх магадлалтай. Нас, хүйсийн харьцаагаар аваад үзвэл 5:1 буюу эрэгтэйчүүд, залуучууд түлхүү өвддөг. Дээрээс нь цэргийн албатай холбоотой асуудал бий. Тухайлбал, алба хаагчид хамтдаа амьдардаг. Тухайн цэрэгтэй ойрхон байсан хүүхдүүдээс түлхүү өвдсөн.
-Цэрэг татлагын үзлэгийн үеэр илэрдэггүй юм уу?
–Сүрьеэгийн нууц хугацаа зургаан сар. Рентген дээр шинж тэмдэг гарахгүй тохиолдол бий. Цэргийн албан хаагчийг шаардлагатай зургаан шинжилгээнд хамруулдаг. Тэрний нэг нь цээжний рентген зураг. Тэрэн дээр шинж тэмдэг гараагүй.
Бид нар өөрсдөө сүрьеэгийн нян тээгч нар. Монголчуудын 90 хувь нь сүрьеэгийн нян тээдэг. Гадаад, дотоодын нөлөөллийн улмаас энэ нь өвчин болдог. Агаар дуслын замаар халлдаг, Covid-19-тай төстэй. Гэхдээ харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг. Нууц үе нь зургаан сар.
-Орчин, хоол хүнсний байдлаас болж өвдөж болно шүү дээ?
-Тийм ээ, олон шалтгаан бий. Алба хаагчид хамтдаа, олуулаа амьдардаг. Тэгэхээр сүрьеэ тархах эрсдэл өндөр.
-Сүрьеэ туссан алба хаагчдыг халах уу?
-Засгийн газрын тогтоолоороо халагдах өвчний нэг мөн. Гэхдээ нууц үедээ оношлогдсон хүүхдүүд маань халдвар тараах эрсдэлгүй. Идэвхгүй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн. Үүнийг Эрүүл мэндийн сайдын гаргасан зөвлөмжийн дагуу эмчилгээ хийж байгаа.
-ХЭҮК-ын дүгнэлттэй танилцсан уу?
-Үгүй ээ, танилцуулаагүй.
-Сүрьеэгийн халдвар гарсныг нууж байсан уу?
-Тэр хүүхэд өвдөхөөсөө өмнө Covid-19-ийн халдвараар өвдөж, Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд эмчлэгдэж байсан. Covid-19 нь батлагдаад давхар шинжилгээ хийгээд эмчилгээ, шинжилгээ нь ужгирах хандлагатай байсан учир сүрьеэгийн давхар халдвартай гэж үзээд илрүүлсэн.
-123 дугаар ангийн захирагчид ямар хариуцлага оногдуулах вэ? Сэтгүүлчтэй зүй бусаар харьцсан байсан шүү дээ?
-Тус ангийн захирагчийн хувьд ёс зүйн алдаа гаргасан. Энэ чиглэлээр шат шатандаа хариуцлага тооцохоор нөхцөл байдлыг судалж байгаа. Одоогийн байдлаар үүрэг гүйцэтгэлтэй холбоотойгоор ажлын ачаалал бий. Ер нь бол энэ чиглэлээр мэдээлэл эргэн хүрэх байх. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас бие бүрэлдэхүүний ёс зүй, сэтгэл зүй, үүрэг гүйцэтгэх чадавхи, сахилга журам, орчин нөхцлийг нь сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа.
-Оростой хамтарч цэргийн сургуулилалт зохиож байгаа гэж үнэн үү?
-Монгол-Оросын хамтарсан "Сэлэнгэ" сургуулилалт болно. Энэ бол уламжлалт сургуулилалт юм. Энэхүү сургуулилалт наймдугаар сарын эхээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдана. Сургуулилалтад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэргийн алба хаагчид оролцохгүй.