Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал долдугаар сарын 20-ноос нэмэгдсэн байна. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор боомтуудын ажиллах хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Хятадын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон. Гэхдээ хил хаах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэв.
ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ЗАРИМ БООМТ АЖИЛЛАХГҮЙ БАЙСАН
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын есөн боомт ажиллахаар тохиролцсон байдаг.
Эдгээр боомтуудаас энэ сарын 22-ныг хүртэл долоо нь нээлттэй ажиллаж байсан. Харин одоо бол ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.
Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд өнгөрсөн оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн байна. Ингэснээр нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй гэдгийг онцоллоо.