Лионель Мессигийн Барселона дахь замнал хараахан дуусаагүй гэдгийг тус клубын ерөнхийлөгч Хоан Лапорта хэлэв. Өнгөрсөн зун Барселонаг орхисон Месси Парист өнгөрүүлсэн эхний улиралдаа фэнүүдийнхээ хүлээлтэд хүрээгүй гэж хэлж болно. Тэгвэл Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта сая “ESPN” телевизэд өгсөн ярилцлагадаа Мессиг эргэн ирэх боломжтой гэв.
Тэрбээр “Барсагийн хувьд Месси магадгүй хамгийн агуу, хамгийн нөлөөтэй тоглогч байсан. Миний хувьд би түүнийг Йохан Кройффтой л харьцуулна. Болох ёстой зүйл болдгоороо болох байсан. Бид өмнөх удирдлагынхаа үлдээсэн зүйлийн үр дүн дээр л шийдвэр гаргах ёстой байсан. Энэ байгууллага тоглогчид, дасгалжуулагчдын мэдэлд байдаг” хэмээн өмнөх ерөнхийлөгч Йосеф Бартомеугийн талаар ярьжээ.
Харин тэрбээр Мессигийн эргэн ирэх боломжийн талаар “Миний бодлоор бидний үүрэг бол хаагдаагүй, одоог хүртэл нээлттэй байгаа бүлгийг засахыг хичээх. Бид тэгэх ч ёстой. Ингэж чадвал сайхан төгсгөл байх болно. Барсагийн ерөнхийлөгчийн хувиар би хийх ёстой зүйлээ хийсэн. Гэхдээ Барсагийн ерөнхийлөгч, хувь хүнийхээ талаас би Мессид өртэй” гэжээ.
Барселона клубын нийт өр 1.5 тэрбум ам.долларт хүрсэн ч ирэх 25 жилийн телевизийн шууд дамжуулалтын эрхийнхээ 25 хувийг Америкийн хөрөнгө оруулалтын “Sixth Street” компанид худалдсан нь Рафиньа, Левандовски нарыг эгнээндээ нэгтгэх боломж олгосон гэнэ.
Энэ талаар Хоан Лапорта “Одоогийн байдлаар бидний санхүүгийн байдал эерэг дүнтэй байна. Сар гаруйн хугацаанд л бараг 650 сая евро оллоо. Бид цааш хурдан хөдлөх ёстой. Телевизийн эрхийнхээ 25 хувийг зарчихлаа. Энэ нь бидний үнэлгээнд их чухал. Клуб эрүүлжих замдаа явж байна. Бид “Goldman Sachs”-аар дамжуулан авсан зээлийнхээ 100 сая еврог эргүүлэн төлсөн” гэжээ.
Холбоотой мэдээ