Дэлхийн спорт болсон сагсан бөмбөгийн спортод амжилт гаргах цаг Монголын ирээдүй болсон хүүхэд залууст ойрхон харагдаж байгаа билээ. Энэ спортоор хичээллэж буй залуусын хүсэл мөрөөдлийн нэг хэсэг нь дэлхийд эх орныхоо нэрийг мандуулах биз ээ. Олон улсын хэмжээнд ч монгол залуусын төлөөллийг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 60 тамирчны тоонд оруулаад буй. Сагсан бөмбөгийн спортод залуусаар тогтохгүй эмэгтэй тамирчид ч амжилтын жимийг гаргасаар байна. Тухайлбал, “Токио-2020” олимпын наадамд манай эмэгтэй баг тамирчид улсаа төлөөлөн энэ төрлөөр хүч үзсэн нь монголчуудыг баярлуулж, дэлхийн спорт сонирхогчдын анхааралд өртсөн. 10 хүрэхгүй жилийн хугацаанд гудамжны спортоос олимпын наадмын нэгэн төрөл болтлоо хөгжиж чадсан сагсан бөмбөгийн энэхүү төрөл нь монгол залуусын хувьд хүртээмжтэй, сонирхон дурладаг спорт нь болж чаджээ.
Энэ чиг хандлагыг дагахын зэрэгцээ хүүхэд, залуусын эрүүл мэнд, амьдралын зөв дадал хэвшилд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк Сан нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 онд 21 аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл 2022 онд нийслэлийн долоон дүүрэг, Зүүнхараа, Замын-Үүд суманд 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулах ажлыг эхлэн одоогоор эхний долоон талбайг хүлээлгэн өгөөд байна. Ирэх 8-р сард Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт энэхүү ажлыг гүйцэтгэснээр улсын хэмжээнд нийт 30 талбайг бүтээн байгуулах юм.
ХААН Банк Сангийн байгуулсан уг сагсан бөмбөгийн талбайнууд олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн бөгөөд тэнд тоглох хүүхэд, залуусын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажилласан.
Нийгмийн хариуцлагаар түүчээлэгч ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойг тохиолдуулан бүтээн байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайнуудаа Улаанбаатар хотын дүүрэг, аймгуудын ЗДТГ, биеийн тамир спортын хороо, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэгт хүлээлгэн өгч байгаа бөгөөд хүлээн авсан холбогдох газрууд цаашдын ашиглалт, арчилгаанд хяналт тавин ажиллана.
ХААН Банкнаас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зай болж, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл тэнцвэртэй амьдралыг эрхэмлэсэн нийгмийг бүтээхэд тусална гэдэгт итгэлтэй байна.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Холбоотой мэдээ