Сурвалжлага: Нүүдэг, нүд үзүүрлэгдсэн 150 саяын чулуу

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нүүдэг, нүд үзүүрлэгдсэн 150 саяын чулуу

Сурвалжлага: Нүүдэг, нүд үзүүрлэгдсэн 150 саяын чулуу

Цагтаа улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэгт төрийн ордон, талбайг “хамгаалах” зориулалттайгаар төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэсэн дөрвөлжин чулуунууд өдгөө талын нэг тарж, ёстой л байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрнө гэгч  болжээ. Уг чулууг Шадар сайд С.Амарсайхан 2019 онд хотын даргаар ажиллаж "Боржигон чулуу" компанид захилга өгч, төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөн байдаг.  Иргэд, төр хоёроо "зааглах" зориулалтаар анх хийлгэсэн уг чулуунуудыг олон нийтийн зүгээс багагүй шүүмжилсэн агаад тухайн үед НЗДТГ-аас "Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна. Иймд та бүхэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтэд хандан хүсэж байна" гэх мэдэгдлийг гаргаж байсан юм.

Уг чулуу хэдхэн өдөр төв талбайд "саатаж", иргэдийн шүүмжлэлээс болоод төд удалгүй "нүүлгээд" явчихсан байдаг. Тэгвэл өдгөө тэдгээр  150 саяын чулуунууд Сүхбаатарын талбайн баруун хойд хэсэгт “Голомт” банкны хажуугийн явган хүн ба автомашины замыг тусгаарлан "хэвтэж" байна. Анх дөрвөлжин, элдэв хээ угалзгүй, саарал чулууг үзэмж муутайгаасаа болоод хотын даргал гологдож, дахин засвар орж, хээ угалзтай, налуу ирмэгтэй болж байв.

Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы нийслэлийн Засаг дарга байхдаа хийлгэсэн чулуунууд хотын хаа сайгүй цацсан шагай адил "тархжээ". Шагайтай зүйрлсний шалтгаан нь  11 дүгээр хороололд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын урд хэсэгт зарим нь хажуу бөөрөөрөө хонь эсвэл ямаа буусан байдалтай хэвтэж байна. Заримыг нь хэн нэгэн засч тордож, өөрчилсөн харагдав. Жишээлбэл, Монгол бөхийн өргөөний урд талын уулзвар дээр хооронд нь гинжээр холбосон бол 19 дүгээр хороолол, хотын автобусны буудлуудаар өнгө зүсийг янзалжээ. Анх чулуун дээр сийлсэн хээ угалзынхаа талаар НЗДТГ-аас "Чулуун дээрх дүрсүүд ч мөн бэлгэ тэмдэг агуулж буй аж. Тасралтгүй үргэлжлэх бат, бөхийн бэлгэдэл алхан хээ, эв нэгдлийг эрхэмлэх хос загас, тэр бүү хэл ордны хашаан дээрх хээг ч мөн ижилсүүлж оруулж өгсөн" гэх тайлбар хийж байв.

Өдгөө "Өдрийн сонин"-ы байрны гадаа, Их дэлгүүрийн явган хүний гарцан дээр өнөөх 150 саяын чулуутай тааралдана.

Одоогоос гурван жилийн өмнө тус чулууг хийх компанийг ямар ч тендергүй сонгосон гэх асуудал дэгдэж байв. Тухайн үед дээрх чулуунуудыг хийсэн “Боржин суварга” компанийн захирал Ж.Түвшинжаргал  "Чулуугаа бид Төв аймгийн Эрдэнэ суманд байх Бууралхангай уулаас олборлосон. Байгалийн цэвэр, цагаан шаргал өнгөтэй боржин чулуу. Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид зүгээр сууж байгаад мөнгө авчихаагүй. Ер нь чулууны бизнес их зарлагатай байдаг. Чулуугаа олборлохдоо А зөвшөөрөлтэй компанид бид төлбөр төлнө. Орон нутгийн нэмэлт төлбөр, тээврийн зардал, ашиглаж буй төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд зарлага маш их. Дээр нь бид улсдаа татвар төлнө. Манай компани нийт 15 ажилчинтай. Сарын цалин 1.000.000-1.600.000 төгрөг. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бага зэргийн ашиг байх ёстой. Энэ бүхнийг тооцоолоод миний хамгийн анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Ингээд нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон.  Шоо дөрвөлжин чулууг машин мөргөлөө гэхэд чулуу байрнаасаа амар хөдлөхгүй. Их болж нэг, хоёр өнхрөөд тогтчихно. Харин бөөрөнхий чулуу хол өнхрөх магадлалтай. Өнхөрсөөр байгаад олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэх эрсдэлтэй. Үүнээс гадна нэг чулуу 365 кг жинтэй" гэсэн тайлбар, ярилцлага news.mn сайтад өгч байсан юм.

News.mn архиваас

Харамсалтай нь, өдгөө хийлгэсэн, хийсэн хоёул уг чулууг аль хэдийнэ таг мартжээ. С.Амарсайханы үеийн олон хэл ам татсан ажлуудын нэг нь эдгээр чулуунууд байлаа. Дээрх чулууг хийсэн хохирлыг өдгөө хэн ч барагдуулсангүй. С.Амарсайханы хотын даргаас Шадар сайд болтлоо дэвшиж, харин 150 сая төгрөгөөр улсын төсөв "шатаад" өнгөрсөн. Эцэстээ энэ мэт төсвийн үр ашиггүй, цамаан зардлууд улс орны эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй. Төв талбай, төрийн ордонг хамгаалах учиртай боржин чулуу өдгөө үүргээ ч олигтой гүйцэтгэсэн зүйлгүй, их хотын өнцөг булан бүрт хэвтээ, босоогоороо хог болж, хөглөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж