Тодруулга: 5-11 насныханд вакцин хийх нь аюулгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Тодруулга: 5-11 насныханд вакцин хийх нь аюулгүй

Тодруулга: 5-11 насныханд вакцин хийх нь аюулгүй

Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөлийн саналд тулгуурлан цар тахлын дараагийн давлагааны эрсдэлээс сэргийлж 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан талаар өнгөрсөн долоо хоногт ЭМЯ мэдээлсэн. Энэхүү шийдвэрээс шалтгаалж олон нийтийн дунд хоёр талын байр суурь үүсээд буй. Тиймээс холбогдох албанаас хүүхдийг дархлаажуулалтад хамруулахад эрсдэлийг тооцоолсон эсэх болон ямар шалгуураар вакцинжуулах талаар нэгдсэн мэдээллийг авлаа.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа харьяа салбар зөвлөл, бусад төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн.

-Хүүхдийг вакцинжуулах зайлшгүй шаардлагатай юу. Одоогийн байдлаар ямар улс орнууд бага насныхныг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна вэ?

-Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж ДЭМБ болон ЭМЯ шийдвэр гаргаж байгаа. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна. Мөн бусад улс орнууд ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. "Pfizer-BioNTech" вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн.

Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй.

-5-11 насныхныг вакцинжуулахад гарах эрсдэл бий юу?

-Бид вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Мэдээж сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой.

Монгол Улсын хувьд "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа.

-Омикроны хоруу чанар харьцангуй багассан гэж иргэд тайвширч байна. Гэтэл дараагийн давлагаа гэхээр дахин халдварын дэглэмийг чанд сахих ёстой гэсэн үг үү?

-Цар тахал намжсан гэж иргэд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Омикрон хувилбарын тухайд олон хувилбартай. Шинэ хувилбар бүрийн хоруу чанар өөр, өөр. Тиймээс иргэд тайвшрахад эрт байна.

НЭМҮТ: ХҮҮХДЭД ИЛРЭХ ХАРИУ УРВАЛ 12-24 ЦАГИЙН ДОТОР АРИЛНА

Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад вакцин нь дархлааны тогтолцоог өдөөж, байгаль дээрх өвчин үүсгэгчтэй ижил төрлийн дархлааны хариу урвалыг бий болгодог. Ингэхдээ тариулсан хүнийг өвчлүүлэхгүй эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог онцлогтой.

Вакцины шалтгаант өвчлөл, эндэгдэл ховор тохиолддог бөгөөд вакцинаас гарах эрсдэл нь ач холбогдолтойгоо харьцуулахад маш бага. Хүүхдэд ч мөн ялгаагүй гэв.

Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болдог гэсэн юм. Тиймээс хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулснаар тэдний бие махбод халдвар үүсгэгчийг эсэргүүцэж, устгах чадвартай болдог байна. Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг аж. Тэгэхлээр, вакцины орц найрлагыг шинжлэн судалж хүүхдийн биед аливаа сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж тогтоосон байдаг гэдгийг НЭМҮТ-өөс онцоллоо.

Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ. Реакц, эрсдэлийг судалсан уу?

-Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага. Хүүхэд вакцин хийлгэсний дараа бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. Эдгээр бага зэргийн гаж нөлөө нь 12-24 цагийн дотор арилдаг бөгөөд удаан хугацааны асуудал үүсэхгүй.

ХӨСҮТ: ВАКЦИН ДЭЛХИЙН 130 ОРОНД ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАТЛАГДААД, АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд "Ковакс" хөтөлбөрөөр дамжуулан, 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлт тавьсан билээ. АНУ-аас Монгол Улсад хандивласан 302400 тун "Файзер" вакциныг өнгөрсөн сарын 18-нд ЭМЯ хүлээн авсан. Covid-19 цар тахлын эсрэг эдгээр вакциныг "Ковакс" хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлсэн талаар АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тухайн үед ХӨСҮТ "Одоогийн байдлаар Хүний эмийн зөвлөлөөр орохоор хүлээгдэж байна. Түүнчлэн Covid-19-ийн эсрэг хүүхдийн вакциныг дэлхийн 140 гаруй оронд хэрэгжүүлсэн. Манай улс эхний ээлжинд хийх, бага хэмжээний вакцин оруулж ирээд байна. Тариур нь удахгүй орж ирэхээр төлөвлөгдсөн. Хүний эмийн зөвлөлөөр батлагдсаны дараа Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хүүхдүүдэд тун хийгдэнэ. Түүнээс өмнө бэлтгэл ажил болох сургалтууд, вакцин хийх товлолуудаа гаргана.

Бид хэн нэгнийг албадан шахахгүй. Вакцин дэлхийн 130 оронд үр дүнгээ өгч батлагдаад, амжилттай хэрэгжиж байна.

Вакцин тарих хугацаа болон зайг сайдын тушаалаар баталгаажуулна гээд процессын ажил их бий. Энэхүү вакцин нь 5-11 насны хүүхдэд хийх боломжтой. Одоогоор сайн дурын үндсэн дээр 12-оос дээш насны хүүхдүүдэд вакцин хийж байна. Энэ орж ирсэн "Файзер" вакциныг ч гэсэн сайн  дурын үндсэн дээр хийнэ

Эрсдэлийн судалгаанд "Хүүхдэд хийж буй Pfizer вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хийж буй вакцинаас өөр томьёололоор боловсруулсан. Энэ нь хүүхдэд хийж буй вакцин нь 12 ба түүнээс дээш насныханд хийж буй вакцинаас тун болон нийт хэмжээний хувьд бага гэсэн үг. Pfizer COVID-19 вакцин нь аливаа амьд вирас агуулдаггүй тул COVID-19-р өвчлөх шалтгаан болохгүй. Энэ вакцин нь өргөст уураг хэмээх SARS-CoV-2 вирусын гол хэсгийн генетик кодыг агуулдаг. Вакциныг тариулсаны дараагаар хүүхдийн бие өөрөө уг өргөст уургийг хувилан олшруулна. Ингээд хүүхдийн дархлааны систем COVID-19-р өвчлүүлэгч SARS-CoV-2 вирусыг таних, үүний эсрэг хамгаалах үйлдэл хийхэд суралцана. Үүний дүнд уг вирусыг генетик кодыг маш хурдан задлана. Вакцинжуулалт нь үнэгүй бөгөөд сайн дурын үндсэн дээр хамрагдана" гэдгийг мөн онцлон тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж