"Миний сэдэв бол усны тусгал ба хоёр ертөнц"

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

"Миний сэдэв бол усны тусгал ба хоёр ертөнц"

Түүний арга барил тун өвөрмөц. Учир нь тэрбээр бидний оршин буй ертөнцийг усны тусгалаар дамжуулан “өгүүлдэг”. Магадгүй энэ бүхэн хувь уран бүтээлчийн дотоод философи биз ээ. Үүгээрээ ч тэр баруунд илүү танигдсан уран бүтээлч. Тэр бол зураач Ц.Ган-Эрдэнэ юм.

Монголын Дүрслэх урлагийн дээд сургууль, Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн тэрбээр Герман болон Европын холбооны улсуудад бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэнгээ дэлгэсэн нэгэн. Харин энэ удаа эх орондоо ирэхдээ чамгүй ажлыг төлөвлөж, тусгай зочидтой иржээ. Ингээд түүнтэй яриа өрнүүлснээ хүргэе.


-Таныг Герман улсад олон жил ажиллаж, амьдарч буйг мэднэ. Хэзээ эх орондоо ирэв?

-Би Герман улсад 21 дэх жилдээ суурин амьдарч байна. Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2001 онд зураач Ц.Нарангэрэл багшийн удирдлага дор төгссөн. Тэгээд 2001 оноосоо Германы Урлагийн академид суралцаж, 2010 онд төгссөн. Тэр цагаас хойш Герман уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ хийж байна.

Эх орондоо жил бүр ирдэг. Цар тахлын улмаас ирэх боломжгүй байж байгаад энэ зун ирлээ. Маш сайхан зун болж байна. Баяртай байна.

-Эх орондоо ирэхдээ тусгай зочидтой ирсэн сурагтай?

-Тэгсэн. Энэ удаа нийт 24 герман уран бүтээлчтэй хамт ирсэн. Эхний группийнхэн Монгол орны говь хангай, төвийн хэсгээр аялсан бол хоёрдугаар группт 14 зураач Монголд анх удаа ирж, говь нутаг, хот суурин, гэр хороолол, сүм хийдийг сонирхон, зурах хүсэлтэйгээр ирсэн.

Монгол Улс – Герман Улсын хооронд байгаль, нүүдлийн соёл, хот архитектурыг дүрслэн зурах “Пленэр” судалбар зургийн аяллыг энэ сарын 19-нөөс ирэх сарын 7-ны хооронд Улаанбаатар хот, говь хээрийн нутгаар зохион байгуулж байна. Аяллын гол зорилго нь хоёр орны уран бүтээлчид хамтран бүтээл туйрвах, харилцан туршлага солилцох, түүх соёлыг түгээх юм.

Судалбар зургийн аялалд ХБНГУ-ын Берлин хотын Зургийн академийн 14 багш, оюутан, “Монгол Арт” галерейн захирал Б.Батжин, зураач Н.Гүнчинсүрэн, Б.Түвшин нарын хамтаар Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Өмнө нь герман уран бүтээлчид нарийн зохион байгуулалттайгаар Монголд ирж байсан нь ховор байдаг юм билээ. Мэдээж Монголын урчуудын эвлэлийн хорооны урилгаар цөөн тоогоор ирж байсан.

-Судалбар зургийн аяллын хөтөлбөрөөсөө танилцуулж болох уу?

-Эхний өдрүүдэд” Монгол арт” галерейн хамт олонтойгоо энэ жилийн сүүлчийн "Монгол-Арт роад 2022" аяллаар хамтдаа явсан. Мөн хотын барилга байгууламжтай танилцаж, монгол зургийн лекц семинарт оролцож, уран бүтээлчдийн урлангаар орж, үзэсгэлэн үзсэн бол сүүлийн 10 хоногт Дундговь, Өмнөговийн нутгаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Одоо бэлтгэл ажлаа хийгээд дууссан.

Миний хувьд Германд олон жил амьдарч байгаа ч эх орноо үргэлж санана. Би Монголд 23 нас хүртлээ сурч, амьдарсан. Өөрийн сурсан мэдлэг, туршлагаасаа эх орондоо хуваалцаж, хоёр орны соёлын харилцаанд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Тиймээс эх орныхоо үзэсгэлэнт байгалийг Германы уран бүтээлчдэд харуулж, уран бүтээлээр нь тэндээ үзэсгэлэн гаргаж, сурталчилна.

-Таныг судлаачид монгол зургийн ангийг төгссөн ч уран бүтээлээс нь барууны философи нэвт “үнэртдэг” гэлцдэг?

-Би хар багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Нийслэлийн 86 дугаар дунд сургуулийг төгсөөд, дээд сургуульдаа монгол зургийн ангид суралцсан. Миний хувьд монгол, герман хоёр багштай. Герман багш маань хотынхоо их алдартай зураач хүн. Би хоёр багшийнхаа дундаас өөрийн гэсэн арга барилыг олсон гэж боддог. Монголын сургуульд уран зураг зурах арга барил тал дээр түлхүү зааж өгдөг бол Германд сэтгэн бодох, философи тал руугаа түлхүү заадаг.

Тэр ч утгаараа Германд суурин уран бүтээлээ хийж байгаа учраас ихэвчлэн барууны өнгө аяс руу хазайсан гэж хүмүүс ярьдаг. Монгол уран бүтээлчид дэлхийд цөөн байдаг учраас гадаадын кураторууд их сонирхдог.

Уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулж нийгмийн сайн муу талыг шүүмжилж, тусгаж өгч байдаг. Монголын  нийгэм дэх байр суурь, илэрхийлэл уран бүтээлчдийн нүдээр хэрхэн харагдаж байна вэ гэдгийг тэд илүүтэй сонирхдог.

-Монголын орчин цагийн дүрслэх урлагийн салбар хэрхэн хөгжиж байна вэ?

-Монголын уран бүтээлч, зураачдын ур чадвар үнэхээр гайхамшигтай. Дотроо ахмад, дунд, залуу үе гээд үе үеэрээ хөгжиж, арга барилаа уламжилж ирсэн. Германд гэхэд ахмад зураачид олон бий. Хуучны социализмын зураач болон хоёр Герман нэгдсэний дараах үеийн зураач нар гэж бий.

Монголд бас ардчилал гарсны дараах болон өмнөх үеийн зураач нар байна. Хамгийн гол нь дэлхийд хэр олон уран бүтээлч нэрээ гаргана тэр чинээгээр Монголын урлаг танигдах болно. Ингэснээр тухайн улс оронд суурин ажиллаж, амьдарч буй уран бүтээлчдэд ч гэсэн сайнаар нөлөөлдөг.

-Хамгийн сүүлд хаана ямар үзэсгэлэн гаргасан бэ?

-Хамгийн сүүлд наашаа ирэхээс өмнө бие даасан үзэсгэлэнгээ хотынхоо ойролцоо музейд гаргасан. Үзэсгэлэндээ нийт бүтээл дэлгэсэн. Цар тахлаас хойшх томоохон бие даасан үзэсгэлэн маань энэ байлаа.

Би жилд ойролцоогоор бие даасан болон хамтын 13 үзэсгэлэнд гаргадаг. Сүүлийн 12 жил идэвхтэй өөрийн уран бүтээлээрээ амьдарч байна. Жилийн таван сар л суурин төвлөрч, уран бүтээлээ хийдэг

-Таны “нэрийн хуудас” гэгддэг уран бүтээл гэвэл?

-Аливаа уран бүтээлчид өөрийн “гарын үсэг” гэгдэх бүтээлтэй байдаг. Би 2009 оноос хойш зууралдаж байгаа нэг сэдэв бол усны тусгал ба хоёр ертөнц сэдэв.  Энэ сэдвээрээ барууны оронд уран бүтээлээрээ танигдсан гэж хэлж болно. Ийм сэдвээр уран бүтээл хийдэг зураач бараг байдаггүй юм билээ. Яг ийм философи, сэтгэхүйтэй бүтээлүүд гарч байгаагүй гэдгийг судлаачид хэлж байсан.

Урлаг судлал бол уран бүтээлч, нийгэм хоёрыг холбосон гүүр. Төдийлөн уран бүтээлчид өөрсдийнхөө зургийг тайлбарлаад байдаггүй. Тэр уран зургийг нь үзэгчдэд ойртуулж өгөх хүмүүс нь судлаачид юм. Урлаг судлаач хүн маш олон талын мэдлэгтэй, олон нийгэмтэй харьцаж, судалчихсан байх ёстой.

Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж