Цагаан ордон өнгөрсөн Баасан гариг (2022.07.22)-т Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлэхээ зарлав. Энэ нь тус улсын Оросын эсрэг хийж буй тэмцлийг дэмжихийн тулд АНУ-аас үзүүлж буй олон тэрбум ам.долларын зэвсгийн тасралтгүй урсгалын сүүлчийнх аж.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “270 сая ам.долларын шинэ багцад дунд тусгалын пуужингийн систем, тактикийн нисгэгчгүй онгоц багтаж байна” гэж хэлжээ.
Мөн тэрбээр Украин дахь Оросын дайн тав дахь сардаа дөхөж буйг хэлээд, Байдены засаг захиргаанаас Украинд дайн эхэлснээс хойш нийт 8.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд буйг тэмдэглэсэн байна. Кирби “Байден ирэх долоо хоног болон ирэх саруудад нэмэлт тусламжийн багцыг батална” гэж хэлжээ.
Шинэ багцад дараахь зүйлс багтсан байна. Үүнд:
-Их бууны пуужингийн систем (HIMARS) – 4, тэдгээрийн нэмэлт сум,
-105 мм-ийн 36000 ширхэг сум,
-Хуягт-пуужин эсэргүүцэгч – 3000,
-"Финикс сүнс" нисгэгчгүй онгоц – 580 хүртэл,
-Шуудан тээврийн машин – 4,
-Сэлбэг хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.
АНУ өмнө нь Украинд нийт найман ширхэг “Himars” систем нийлүүлсэн бөгөөд эдгээрийг дайны явцыг эргүүлэх магадлалтай хэмээн сайшааж байв. Учир нь энэхүү дэвшилтэт зэвсгүүд нь бусад их бууны системээс илүү нарийвчлалтай, илүү хол зайд тусдаг учраас уг системийн тусламжтайгаар фронтын шугамын цаана Оросын зэвсгийн агуулахад цохилт өгөх боломжтой гэж үзсэн аж.
Москва барууны орнуудыг Киевт зэвсэг илгээснээр мөргөлдөөнийг сунжруулж байна гэж буруутган, холын зайн тусгалтай зэвсэг нь Оросын хувьд заналхийлэл болох тул ажиллагаагаа Донбассаас гадна өргөжүүлж болзошгүй талаар анхааруулсан билээ. Мөн долдугаар сарын 6-нд буюу анхны “Himars” Украинд ирснээс хэдхэн хоногийн дараа Оросын Батлан хамгаалах яам хоёрыг нь устгасан тухай мэдэгдэж, цохилт өгч байх үеийн дүрс бичлэгийг олон нийтэд цацсан юм.
Гэвч Украины талаас эдгээр мэдээллийг няцааж, АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг Оросын армид цохилт өгөхийн тулд ашигласаар буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, Киев Херсоны өмнөд хэсгийн Оросын хяналтад байдаг бүс нутгийн чухал ач холбогдолтой гүүрэнд “Himars” ашиглан цохилт өгчээ.
Эх сурвалж: CNN, REUTERS
Холбоотой мэдээ