Нагоя хотын “Долфинс” ордонд энэ сарын 10-ны өдөр эхэлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё үргэлжилж байна. Тэмцээний 13 дахь өдөр буюу өчигдөр (2022.07.22)-ийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Вакатакакагетэй учраа таарч барилдан, ошидаши мэхээр ялж 11 даваа, 2 унаатай болов.
Ичиножёо А.Ичинноровын хувьд өрсөлдөгч Нишигики нь өнжсөнөөр сул даваа авч, 11 даваа, 2 унаатайгаар Их аваргатай зуузай холбон тэргүүлж явна. Тамаваши Б.Мөнх-Оргил барилдалгүй өнжсөн бол Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Вакамотохарюүтэй таарч, котэнаге мэхээр ялснаар 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кирибаяама Б.Лхагвасүрэн Окиноүмитэй таарч барилдаад, котэнаге мэхээр хаяж, 6 даваа, 7 унаатай болов. Чиёошома Г.Мөнхсайхан Точиношинтэй барилдаж, түүнийг уватэдашинаге мэхээр даван, 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Озэки Такакейшо, Озэки Шодайтай хүчээ сорьж, түүнийг ошидаши мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай болжээ.
Үзэгчид болон сүмочдод ямар нэг хязгаарлалтгүй болж байгаа энэхүү барилдааны үеэр нийт 125 бөх Covid-19 цар тахлын халдвар аваад байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ