Биеийн тамир, спортын улсын хороо өчигдөр (2022.07.22) Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслол зохион байгуулав. Тодруулбал, “Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол болж өнгөрлөө.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулсан.
Тангараг өргөх ёслолын үеэр Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга “Тангараг өргөж байхад олимпийн дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” гэв.
Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж:
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн
Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
Пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ
Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж
Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
Байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тус тус тангараг өргөв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ