"Нэг сар задгай цемент үйлдвэрлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

"Нэг сар задгай цемент үйлдвэрлэхгүй"

 Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа хүргэж байна.


"МОНГОЛД ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЦЭЭГҮЙ ОЛОН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЧИХСАН"

 Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой цементийн үнийн асуудлаар ярилцлаа.

-"Хөтөл цемент шохой" ТӨХК есдүгээр сарын 1-нийг хүртэл задгай цементийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлд хомсдол үүсэх үү?

-Тус үйлдвэрт зургаан сард нэг удаа төлөвлөгөөт засвар хийдэг. Үйлдвэрийн тээрэм дотор байрладаг тоосго элэгдэж, хорогддог учраас төлөвлөгөөт засвар хийж, шинэчилж байгаа юм. Тиймээс нэг сарын хугацаатай чулуунцарынхаа нөөцийг хангасан. Засвар хийсний дараа шуудайтай цементийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлнэ. Задгай цемент нэг сарын хугацаатай үйлдвэрлэхгүй гэсэн үг. Энэ хэрэгцээг бусад цементийн үйлдвэрүүд дотооддоо хангачихна. "Хөтөл цемент шохой" үйлдвэр маань зах зээлийн 25-30 хувийг л хангадаг. Тиймээс энэ үйлдвэрийн засварын ажил зах зээлд нөлөөлөхгүй. Бусад "Монцемент", "МАК" гэсэн үйлдвэрүүд зах зээлийн 70 орчим хувийг хангадаг. Зарим иргэд "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр зах зээлийг дангаараа хангадаг юм шиг ташаа ойлгож байна. Нөгөө талаас томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай Дарханы замын ажилд цементээ хэвийн нийлүүлнэ. Энэ асуудал цементийн хэрэглээний оргил үед гарсан учраас олны анхааралд өртөж байх шиг байна.

-Тухайн үйлдвэрээс ийм шийдвэр гаргаж байгаагаа урьдчилж салбар яаманд мэдэгдсэн үү?

-"Хөтөл цемент шохой" үйлдвэр Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг учраас бидэнд сүүлд мэдээлэл өгдөг. Бид энэ бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. Салбар яамнаас үндсэн бодлогоо баримталж ажилладаг. Хүн хүч цөөтэй учраас тэр бүр нарийн мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй. Гэхдээ үйлдвэрүүд яамтайгаа сүүлийн хоёр жил маш сайн уялдаа холбоотой ажиллаж байна. "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн төлөвлөгөөт засварын шийдвэрийг манай яаманд мэдэгдэхгүйгээр гаргасан. Уг нь 14 хоногийн өмнө бидэнтэй зөвшилцөж, зөв мэдээллээ өгөх ёстой байсан. Гэнэтийн шийдвэр гаргасан нь ард иргэдэд хүнд тусч байна.

-Улсын хэмжээнд цементийн нөөц хэр байна вэ?

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд нийлээд өдөрт 10 мянга гаруй тонн цемент үйлдвэрлэдэг. Жишээлбэл, "Монцемент" компани Дорноговь аймгийн Өргөн сум, Улаанбаатар дахь тээрэмтэйгээ нийлээд өдөрт 4500 тонн, "МАК" өдөрт 3500 тонн, "Хөтөл цемент шохой" үйлдвэр 2500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээр үйлдвэр ямар нэгэн доголдолгүй ажиллавал богино хугацаанд шийдвэрлэх олон асуудал байна. Нэг хэсэг тухайн үйлдвэрийн дотоод асуудал, зохион байгуулалтаас болж цементийн шуудайн хомсдолд, хил гаалийн асуудал үүссэн. Нөгөө талдаа төрийн байгууллагын уялдаа холбооноос шалтгаалж буй асуудал бий болсон. Салбар яамнаас үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс хойш "МАК" үйлдвэрт 470 вагон, "Хөтөл цемент шохой" үйлдвэрт 365, "Монцемент" компанид 340 вагоны асуудлыг шийдвэрлэсэн. Зах зээл дээр тонн цементийн үнэ тээвэр, ачилт, буулгалтын хөлстэйгөө нийлээд 265-280 орчим мянган төгрөг байна. Үүнтэй холбоотойгоор "Хөтөл цемент шохой" үйлдвэр Улаанбаатарт цементээ 300 мянган төгрөгөөр, зарим аймгуудад 280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Цементийн үнийг бууруулахын тулд үйлдвэрээс хэрэглэгчдийн гар дээр шууд хүргэх нь зөв юм байна. Гэрээт борлуулагчдын гараар дамжихаар үнэ тогтоох асуудал гардаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд өөрсдийн борлуулалтын цэгээр зарж байна. Мөн томоохон гэрээлэгч бетон үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд одоогийн үнээс ч хямд үнээр өмнө нь гэрээ байгуулж, тэр үнээрээ худалдан авч байна.

-Цементийг барилгын салбарын талх гэдэг. Томоохон үйлдвэрүүд улсын цементийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна уу?

-Монголын цементийн дотоодын хэрэглээ 1.8 сая тонн. Гэтэл үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 4.5 сая тонн байдаг. "Монцемент", "МАК", "Хөтөл цемент шохой" ТӨХК нэг сая тонны хүчин чадалтай. Дараагаар нь "Мөнхийн баян гал" үйлдвэр, "Налгар түшиг", Ховдын цементийн үйлдвэр болон жижиг жижиг тээрмүүд бий. Ингэхээр Монгол Улс хэрэглээнээсээ хоёр дахин давчихсан хүчин чадалтай үйлдвэрүүдтэй. Бид цаашид дахин үйлдвэр барих асуудалд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр байгаа үйлдвэрүүд юунд доголдоод байна вэ гэдгээ дүгнэж, эрэлт нийлүүлэлтээ уялдуулж ажиллах нь зүйтэй. Дахин үйлдвэр байгуулахдаа нухацтай хандахгүй бол хэрэглээнээсээ долоо дахин илүү хэрэгцээгүй үйлдвэр байгуулчихаад байна. Монгол Улс барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ судалгаа, тооцоотой хандах цаг болсон. Салбар яамнаас барилгын материалын үнэ өсөхөөс өмнө маш их ажил хийдэг. Гэтэл үйлдвэрүүд бараа, материалынхаа үнийг өсгөсөн өдрөө бидэнд мэдээлдэг. Бид аль болох төмөр замын тээвэрлэлт, эрчим хүч гэх мэт олон асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулдаг ч үйлдвэрүүд эргээд зүй зохисгүй шийдвэр гаргадаг. Бид үнийг 50 мянган төгрөгөөр буулга гээд шууд буулгахгүй шүү дээ. Одоо байгаа үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг тогтворжуулсны дараа гадаадад цемент импортлох асуудлыг ярина.

А.ЦЭЭСҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж