Их Британи улс бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг таслан зогсоохын тулд Номхон далай руу цөмийн шумбагч онгоцоо илгээх болжээ. Тодруулбал, Австрали руу илгээж буй энэ онгоцууд нь Хятадын эсрэг хийж буй хамгийн баттай алхам гэж үзэж байна.
Шумбагч онгоцууд 2040 он хүртэл Австралийн баруун эргийн Перт хотод байрлана. Энэ хугацаанд Австралийн шумбагч онгоцууд ур чадвараа дээшлүүлэх зорилгоор багийн бүрэлдэхүүнд багтах аж. Их Британийн зэвсэгт хүчний тэргүүн Тони Радакин ирэх долоо хоногт болох Тэнгисийн цэргийн бага хурлын үеэр томилгоог хийнэ.
Хааны Тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудыг Их Британийн эргээс хэдэн мянган километр зайд байрлуулах нь “AUKUS” (Австрали, Их Британи, АНУ) аюулгүй байдлын эвслийн нэг хэсэг юм. “AUKUS” нь Энэтхэг-Номхон далай дахь Хятадын цэргийн экспансионизмтэй тэмцэх зорилгоор өнгөрсөн жил байгуулагдсан.
Австрали улс Хятадтай худалдааны дайн, дипломат сөргөлдөөн үүсгээд буй. Тиймээс энэ мэтээр Их Британитай батлан хамгаалахын харилцаагаа гүнзгийрүүлэх нь “AUKUS”-ыг эрс эсэргүүцдэг коммунист дэглэмт Хятадын эгдүүг улам хүргэх магадлалтай юм.
Цөмийн шумбагч онгоцны флотын талаар бүх мэдээлэл нууцын өндөр зэрэглэлтэй байна. Австрали руу яг хэчнээн онгоц шилжүүлэх боломжтойгоо Их Британи хэлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ