Б.Жавхлан зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх боломжтойг онцлов

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх боломжтойг онцлов

Б.Жавхлан зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх боломжтойг онцлов

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.07.21/ Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, зээлийн эргэн төлөлтийн ойрын хугацааны мэдээлэлтэй танилцаж, богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар Хөгжлийн банкны удирдлагуудад чиглэл өгөв. Зээлийн эргэн төлөлт өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2022 оны эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, төслийн мөнгөн урсгалаар эргэн төлөлтийг хангуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг таван чиглэлээр зээлийг эргүүлэн төлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ зээлдэгчдийн амжилттай хэрэгжиж буй төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тэдний саналыг сонсож, хамтран ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.

Өнөөдрийн хөндөгдсөн гол сэдэв нь эх үүсвэр нь тодорхойгүй, өмчийн анхны барьцаа өөрчлөгдөж барьцаа хөрөнгийн шаардлага хангахааргүй болсон 3 зээлийн эргэн төлөлтийн асуудал байлаа. Тэдгээрийн нэг нь “Хөтөл” ХХК-ийн 329 тэрбум төгрөгийн зээл бөгөөд эргэн төлөлт огт хийгдээгүй.  Зээлийн санхүүжилтийг юунд зарцуулагдсан, хэрхэн төлөгдөх нь тодорхойгүй байна. Мөн “Эрэл” ХХК барилгын салбарт 129 тэрбум зээл авсан ч барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, зээлийн хөрөнгөөр бий болсон төсөл нь зогссон байдалтай байна. “Газ импорт” ХХК-ийн олгосон зээл 8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, зээлийг эргэн төлөх эх үүсвэр тодорхойгүй болсон тул эдгээр зээлүүдийг эргэн төлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Засгийн газрын баталгаатай 2023 оны 9 сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн /одоогийн ханшаар/ Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулах зорилго тавин ажиллаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тэрээр эхний хагас жилийн байдлаар чанаргүй зээлийн төлөгдсөн хэмжээ, цаашид ажиллах төлөвлөгөөнөөс үзэхэд төлбөрийн чадварын эрсдэлээс гарах бүрэн боломжтой гэв. Түүнчлэн Хөгжлийн банк Олон улсад зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж чадсан нь ижилхэн зээлжих зэрэглэлтэй улс орнуудтай харьцуулбал гадаад хөрөнгийн зах зээлд манай үнэт цаасны өгөөж өндөр байгаа нь хөрөнгө оруулагчид илүү их итгэж байгааг илтгэж байгааг онцоллоо.

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй зарим томоохон төслүүдийн санхүүжилтэд зориулж төрийн өмчийн үйлдвэрийн газруудад нийт 581 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энэхүү санхүүжилтийн эргэн төлөлтийг төр 100 хувь хариуцах бөгөөд үе үеийн Засгийн газраас Улсын төсөвт шат дараатайгаар тусгаж, Хөгжлийн банканд төлнө гэсэн шийдвэрийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд оруулсан нь банкийг эрсдэлд оруулсан байдаг. Тухайлбал, Эгийн голын цахилгаан станцын 49 тэрбум төгрөгийн ТЭЗҮ-ийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн боловч төсөл нь зогссон ба энэ талаар Засгийн газраас эцсийн шийдвэрийг  хараахан гаргаагүй. Мөн Таван толгойн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 50 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн боловч уг төсөл одоогоор тендер зарлах шатанд байгаа бөгөөд тендерийн сонгон шалгаруулалт шийдвэрлэгдсэний дараа зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ.  

Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлсэн ТОСК, НОСК-тай холбоотой нийт 248 тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүссэн боловч ТОСК 1, 2 төслийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Тухайн төсөл хэрэгжээд арилжааны орлогоос зээлээ эргэн төлөх байсан ч төсөл хэрэгжиж иргэд түрээслэх явцад холбогдох шийдвэр нь 3 удаа өөрчлөгдсөний улмаас чанаргүй зээлийн ангилалд орсон тул ТОСК-ийн зээлийг хоёрдогч зах зээлийн эргэлтэд оруулах, өөр боломжит эх үүсвэрүүдээр үнэт цаас гаргах, мөнгөжүүлэх хэлбэрээр Хөгжлийн банкны зээлийг төлөхөөр тогтсон байна.

Хөгжлийн банкнаас олгосон дээр дурдсан болон бусад зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд цаашид 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж Банкны үйл ажиллагааг тогтворжуулахын тулд илүү зарчимтай, хариуцлагатай ажиллаж төлөвлөсөн үр дүнд хүргэхийг үүрэг болголоо.

Монгол Улсын Хөгжлийн банк

Хэвлэл мэдээллийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж