Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1, 2, 3, 4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежментийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол Улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.
EPC-1 төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй, төслийн нийт явц 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, Түүхий ус хадгалах сав-85 хувь, Оффис, сургалтын төв-51 хувь, Хоолны газар-84 хувь, Лаборатори-85 хувь, Анхны тусламж, эмнэлгийн барилга-80 хувь, Агуулах-45 хувь, Нэвтрэх хаалга-1-64 хувь, Нэвтрэх хаалга-2-39 хувь, Гал унтраах ангийн барилга-52 хувь, Засварын цех-35 хувь, Үерийн ус цуглуулах талбай-82.5 хувь, Ус зайлуулах хоолой-30 хувь, Ус дамжуулах хоолой-89 хувь, 17км авто зам-36 хувь, Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41 хувь, Худгийн барилга-44 хувь, Цахилгаан дамжуулах агаарын шугам-90 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгаа ажээ.
Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.06.06-ны өдөр зарласан ба 2022.08.16-ны өдөр тендер хүлээн авна. Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.05.04-ний өдөр зарласан ба 2022.07.04-ний өдөр тендер хүлээн авахаар ажиллаж буй юм байна.
Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын Кинетикс текноложи компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын Аксенс компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын “ЮүӨүПи Хонивэлл” компанитай тус тус гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ