ЭМЯ: Энэ давалгаагаар амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Энэ давалгаагаар амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрэхгүй

ЭМЯ: Энэ давалгаагаар амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрэхгүй

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.07.22/ мэлээлэл хийлээ.


УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

-Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давалгаа тархаж эхэллээ. Монголд долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Монголын хувьд цар тахалтай зэрэгцэн амьдарч байгаа ч иргэд хариуцлагатай байж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна.

Олон нийтийн арга хэмжээнд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгана. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй байна. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөл, бусад энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна.

Бид тухайн улс орны вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. Мөн энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Бид одоо хавсарсан өвчтэй хүнд хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ. Хөнгөн хүмүүсийг гэрээр эмчлэх заавар зөвлөгөөг өгнө. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна.

Монгол Улсын хувьд "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа. Эхний 300 мянган хүн тун вакцин ирсэн. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн 1/3 хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой.

"МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР МОРИНООС 26 ХҮҮХЭД УНАЖ, БЭРТСЭН"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:

-Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 1674 эх амаржиж, 1684 хүүхэд эсэн мэнд төржээ. Энэ хугацаанд осол гэмтлийн 96 тохиолдол бүртгэгдсэн байна. Түргэн тусламжийн 22.357 дуудлага хүлээн авсны 551 нь төрөх, 2509 нь осол гэмтлийнх байсан. Баяр наадмын өдрүүдэд морины уралдааны үеэр мориноос 26 хүүхэд унаж бэртсэн. Эдгээрийн таван зөөлөн эдийн гэмтэл, 21 нь гэмтэлгүй байсан. Нийт дуудлагын 80 хувь нь насанд хүрэгчид эзэлж, архины дуудлага их байлаа.

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт 241 мянган хүн хамрагдаад байна. Эдгээрийн 45.5 хувийг эмэгтэйчүүд, 54.5 хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Байршлаар нь авч үзвэл, Улаанбаатарт 49 хувь, орон нутагт 50.2 хувь байна. Насны хувьд 0-5 насныхан 15 хувь, 6-17 насныхан 58.7 хувь, 18-30 насныхан 6.9 хувь, 31-45 насныхан долоон хувь, 46-60 насныхан 6.7 хувь, 61-ээс дээш насныхан 5.7 хувьтай байна. Эрт илрүүлэгт 0-17 насныхан идэвхтэй хамрагдаж байна. Хэрвээ танд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол эрт илрүүлэгт хамрагдахгүй, эмнэлгийн үйлчилгээгээ шууд авна. Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл их илэрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж