Европын холбоо Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг авч буй долоо дахь багц хоригоо нийтэллээ. Энэхүү хоригт нийт 48 иргэн, долоон байгууллагыг хамруулжээ.
Оросын эсрэг хориг арга хэмжээний долоо дахь багцад "Сбербанк", “Русский мир” сан, А.М.Горчаковын нэрэмжит олон нийтийн дипломатыг дэмжих сан, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов, Москва хотын дарга Сергей Собянин, жүжигчин Сергей Безруков, Владимир Машков болон аюулгүй байдлын ажилтнууд, орлогч нар багтсан байна. Энэ тухай Пүрэв гаригт “Европын холбооны албан ёсны сэтгүүл”-д нийтэлсэн шийдвэрт дурджээ.
Хориг арга хэмжээ нийтлэгдсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Хоригийн жагсаалтад “Шөнийн чононууд” мотоциклийн клуб, түүний удирдагч зэрэг 48 хувь хүн, долоон байгууллага багтжээ.
Мөн Европын холбооны хоригт хамрагдсан хүмүүсийн дунд ОХУ-ын Гвардийн нэгдүгээр орлогч дарга, хурандаа генерал Виктор Стригунов, Оросын гвардийн орлогч дарга Олег Плохой, Төрийн Думын депутат Адам Делимханов, Бүгд Найрамдах Чеченийн Үндэсний гвардийн газрын дарга, хошууч генерал Шарип Делимханов, түүний орлогч Алибек Делимханов нар байгаа аж.
Түүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хойд Кавказын Холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Чайка, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова болон Уралын Уул уурхай, металлургийн компанийн ерөнхий захирал Андрей Козицын нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Хориг арга хэмжээнд хамрагдсан хуулийн этгээдийн жагсаалтад “Россотрудничество” болон “Квант” судалгаа, үйлдвэрлэлийн холбоо багтсан байна. Үүнээс гадна Украины бүрэн эрхт байдалд халдсан үйл ажиллагаанд Оросыг дэмжсэн суртал ухуулга хийж, материаллаг болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж Европын холбооноос буруутгагдсан “Шөнийн чононууд” клубын Европын салбарын тэргүүн Йозеф Хамбалекийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Европын холбоо шинэ хориг арга хэмжээгээрээ ОХУ-ын эсрэг “хар жагсаалт”-аа өргөжүүлж буйгаас гадна ОХУ-аас алт экспортлохыг хориглосон байна. Үүний зэрэгцээ Европын холбоо Оросын газрын тос, хүнсний бүтээгдэхүүний экспортод тавьсан санхүүгийн хэд хэдэн хоригийг зөөлрүүлэх шийдвэр гаргаж, ОХУ-д агаарын тээврийн зарим бараа, үйлчилгээ нийлүүлэхэд тавьсан зарим хоригоо цуцалсан байна.
Европын холбооны зөвлөл ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй бүх хоригийн хугацааг 2023 оны нэгдүгээр сарыг дуустал зургаан сараар сунгажээ.
ПУТИН, ЦӨЦГИЙН ТОС, ЭСВЭЛ БУУНЫ АЛЬ НЭГИЙГ СОНГОХ ШААРДЛАГАТАЙ ТУЛГАРНА
Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч/Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Жозеп Боррел өмнө нь долоо дахь багц хориг арга хэмжээний талаарх нийтлэлдээ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэсэн билээ.
Тэрбээр “Хориг арга хэмжээнүүд Владимир Путин болон түүний хамсаатнуудад аль хэдийнэ хүчтэй цохилт өгч эхэлсэн бөгөөд Оросын эдийн засагт үзүүлэх нөлөө нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх болно. Орос Украины нутаг дэвсгэрт түрэмгийлэн, олон улсын хуулийг санаатайгаар зөрчсөн тул Европын Холбоо Москвагийн эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр нь одоогийн байдлаар ОХУ-ын 1200 орчим хувь хүн, 98 аж ахуйн нэгж, түүнчлэн Оросын эдийн засгийн нэлээд олон салбарыг хамарч байна.
Хориг арга хэмжээг G7-ийн гишүүдтэй хамтран батлан хэрэгжүүлж байгаагийн дээр нэмээд бусад төвийг сахигч 40 гаруй улс хүлээн авсан, эсвэл үүнтэй төстэй арга хэмжээ авч байгаа нь хориг арга хэмжээний үр нөлөөг улам нэмэгдүүлж байна” гэсэн юм.
Жозеп Боррел “Бид 2022 оны эцэс гэхэд Оросоос импортлон авдаг нефтийн хэмжээг 90 хувиар бууруулсан байх төдийгүй хийн импортоо хурдацтай бууруулсаар байна. Эдгээр шийдвэрүүд маань биднийг Владимир Путины түрэмгийллийн эсрэг улс төрийн сонголтод саад болж байсан хараат байдлаас аажмаар ангижруулж байна.
Европ эрчим хүчний хараат байдлаасаа болж хориг арга хэмжээ авч зүрхлэхгүй гэж тэрбээр итгэж байсан байх. Энэ нь Оросын дэглэмийн гаргасан олон буруу тооцооллын хамгийн чухал нь байсан ч байж магадгүй. Мэдээж Оросын эрчим хүчнээс татгалзах нь Европын холбооны олон орон болон эдийн засгийн нэлээд салбарт хүндрэл учруулах нь тодорхой. Гэхдээ энэ бол ардчилал, олон улсын эрх зүйг хамгаалахын төлөө бидний төлөх ёстой төлөөс. Харин бид бүрэн эв нэгдэлтэй байж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгтэй арга хэмжээг авч байна.
Зарим хүмүүс түрэмгийллийн эсрэг авч буй эдгээр хориг арга хэмжээ Оросын эдийн засагт үнэхээр нөлөөлж байна уу гэж асууж магадгүй юм. Энгийн хариулт бол тийм. Орос хэдийгээр их хэмжээний түүхий эд экспортолдог ч нэмүү өртөг өндөртэй өөрсдийн үйлдвэрлэдэггүй олон бүтээгдэхүүнийг импортлохоос өөр аргагүй байдаг. Дэвшилтэт технологийн хувьд Европоос 45 хувь, АНУ-аас 21 хувь хамааралтай байгаа бол Хятадаас ердөө 11 хувь хамааралтай байна.
Украинд болж буй дайны нөхцөлд нэн чухал цэргийн салбар дахь хориг арга хэмжээ нь Оросын Искандер, эсвэл KH 101 зэрэг нарийн тусгалтай пуужин үйлдвэрлэх хүчин чадлыг хязгаарлаж байгаа юм. Мөн бараг бүхий л гадаадын автомашин үйлдвэрлэгчид Оросоос гарахаар шийдсэн бөгөөд ОХУ-ын цөөн хэдэн үйлдвэрлэгчдийн автомашин аюулгүйн дэр, автомат хурдны хайрцаггүй худалдаалагдах нь.
ОХУ-ын Газрын тосны салбар гадаадын оператор компаниуд орхин явсан ба хэвтээ өрөмдлөг зэрэг дэвшилтэт технологигүйн улмаас хүндрэлд ороод байна. ОХУ-ын хувьд аж үйлдвэрийн салбартаа шинэ дэвшилт нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байх магадлалтай юм.
Эцэст нь, агаарын урсгалаа хадгалахын тулд – үлдсэн онгоцуудаа нисгэхийн тулд – дийлэнх агаарын хөлгүүдээ эргэлтээс татаж, шаардлагатай сэлбэг хэрэгслийг авах хэрэгтэй болно. Үүн дээр санхүүгийн зах зээлд нэвтрэх эрхээ алдаж, дэлхийн томоохон судалгааны сүлжээнээс тасарч, бэлтгэгдсэн, өндөр боловсон хүчний цагаачлал ихэсч, тэднийг гадаад руу алдаж байна.
Хятадаас Оросын эдийн засагт тавьж буй саналууд бодит байдал дээр хязгаарлагдмал, ялангуяа өндөр технологийн бүтээгдэхүүний салбарын хувьд хязгаарлагдмал хэвээр байна. Хөгжингүй орнууд руу гаргадаг экспортоосоо ихээхэн хамааралтай Хятадын засгийн газар өнөөг хүртэл Орост барууны хориг арга хэмжээг тойрч гарахад тус болоогүй байна. Орос руу чиглэсэн Хятадын экспортын хэмжээ барууны орнуудынхтай зэрэгцэн буурчээ.
Эдгээр мэдэгдэхүйц бөгөөд өсөн нэмэгдэж буй нөлөөлөл нь Владимир Путиныг стратегийн тооцооллоо өөрчлөхөд хүргэх болов уу? Магадгүй ойрын ирээдүйд биш. Түүний үйлдлүүд үндсэндээ эдийн засгийн логикт захирагддаггүй. Гэсэн хэдий ч хориг арга хэмжээнүүд түүнийг аажмаар хүнд байдалд оруулж, тэр цөцгийн тос, эсвэл бууны аль нэгийг сонгох шаардлагатай тулгарна.
Орос, Украины улаан буудай, бордооноос хараат гуравдагч орнуудын хувьд хүнсний хямрал болох нь тодорхой болоод байна. Бидний хориг арга хэмжээ ямар ч хэлбэрээр Оросын улаан буудай, бордооны экспортыг эсрэг чиглээгүй. Украины хувьд Хар тэнгисийн бүслэлт болон Оросын түрэмгийллээс үүдсэн сүйрлээс болж улаан буудайгаа экспортлох боломжгүй болсон. Хэрэв бидний авч байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс шалтгаалан ямар нэг асуудал гарвал тэдгээрийг шийдвэрлэх зохих механизмыг бий болгоход бид бэлэн байна.
Дэлхийн эрчим хүч, хүнсний зах зээлд тулгарч буй хүндрэлийн хамгийн бодит шийдэл бол дайныг зогсоох явдал юм. Энэ нь Оросын түрэмгийллийг хүлээн зөвшөөрч бус, Орос Украины нутгаас цэргээ гаргаснаар л хэрэгжих боломжтой. Улс орнуудын нутаг дэвсгэрийг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй байх нь зөвхөн барууны, эсвэл Европын зарчим биш юм. Энэ бол олон улсын хүлээн зөвшөөрсөн хуулийн үндэс суурь юм. Харин Орос улс үүнийг үл ойшоон дэвсэлж байна. Ийм зөрчлийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийн хэмжээнд хууль эрх зүйн замбараагүй байдлын үүдийг нээх болно.
Эдийн засгийн харилцан хамаарал нь олон улсын харилцаа тайван байх нэгэн зарчим хэмээн итгэж байсан бидний гэнэн бодол үгүй байжээ. Иймээс ч би бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Европ нэгдсэн хүчирхэг тоглогч болох хэрэгтэй хэмээн уриалж байсан.
Украин руу дайрсан явдал нь биднийг уриалгаас үйлдэл рүү шилжүүлж, өдөөн хатгалгад Европ хариу арга хэмжээ авдаг гэдгийг харууллаа. Бид Оростой дайтахыг хүсэхгүй байгаа учраас эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг гол хэрэгсэл болгон ашиглаж байна. Бидний хариу үйлдэл аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд ирэх саруудад илүү их нөлөө үзүүлэх болно" гэсэн билээ.
ОХУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТООС 6 САРЫН ДОТОР, ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТООС 8 САРЫН ДОТОР ТАТГАЛЗАНА
Европын холбооны зөвлөл өнгөрсөн зургадугаар сард Украины байдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авах зургаа дахь багц хориг арга хэмжээг эцэслэн баталсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлж байв. Шинэ багц хориг арга хэмжээнд Европын холбооны орнууд ОХУ-ын газрын тосны импортоос зургаан сарын дотор, газрын тосны бүтээгдэхүүний импортоос найман сарын дотор татгалзах, мөн ОХУ-аас далайгаар нийлүүлдэг газрын тосноос үе шаттайгаар татгалзахаар тусгасан. Харин хоолойгоор нийлүүлдэг газрын тосыг хоригт оруулаагүй юм.
Үүнээс гадна Оросын телевизийн "Россия-24", "РТР-Планета", "ТВ-Центр" сувгуудыг Европт нэвтрүүлэхийг хориглох, Сбербанк, Россельхозбанк, Москвагийн зээлийн банк болон Беларусийн Сэргээн босголт, хөгжлийн банкийг SWIFT-ээс хасах, Оросын компаниудад зөвлөх, аудит, PR үйлчилгээ үзүүлэхийг хориглох, үүлэн үйлчилгээнд нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтсан билээ. Оросоос далайгаар нийлүүлдэг газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнд тавьсан хоригоос Болгар, Хорват улсуудыг түр чөлөөлсөн.
ОХУ-ын эсрэг авсан зургаа дахь багц хориг арга хэмжээ “Европын холбооны Албан ёсны сэтгүүл”-д нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхэлж байв.
Эх сурвалж: COUNCIL OF THE EU, TASS, GLOBAL TIMES, REPUBLIC WORLD
Холбоотой мэдээ