Хэдэн өдөр монголчууд шатахуун, төмсний хэрүүл хийв. Шатахууныг монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэггүй, Оросоос 90 хувийг нь импортолдог. Харин мах, гурил, төмсний хэрэглээгээ зуун хувь дотоодоосоо хангадаг. Атал шатахууны үнэ нэмэгдэх сургаар төмсний үнэ “тэнгэрт” хадаж, нэг килограм нь 4000 төгрөгт хүрэв. Төмс “таргалсан”, төгрөг “турсан” хоёр яг тэнцэнэ.
1.
Манжин байхад махаар яах вэ гэдэг байлаа. Өдгөө манжин төмс махнаасаа дутахгүй үнэтэй болжээ. ШӨХТГ-аас гаргасан албан мэдээнд "Номин" сүлжээ дэлгүүрт хоёр килограмм төмс 8198 төгрөг, И-Март худалдааны төвд нэг килограмм нь 1880, "Барс" захад 4500, "Хүчит шонхор"-т 4000-4500, "Алтжин Бөмбөгөр"-т 4500-5000, "Амгалан" захад 4500 төгрөгөөр худалдаалж байгааг дурджээ.
Төмсний үнэ өсөхөд шатахууны үнийн нэмэгдлээс илүү нийлүүлэлтийн хомсдол нөлөөлсөн нь лавтай. Учир нь дотоодын ногоочдоо дэмжих үүднээс УИХ-аас төмсний импортын татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарснаар төмсний үнийг хөөргөджээ.
Мэдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний аюулгүй бөгөөд найдвартай байдлаа хангах нь яах аргагүй үндэсний бодлого мөн. "Хятад хүний хоолыг хятад хүн бэлтгэх ёстой" гэж Ши Жинпинийн хэлсэн шиг монгол хүний хоолыг монгол хүн л бэлдэх учиртай. Авчиг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, баялаг бүтээгчдээ хамгаална гээд зохиомол хомсдол үүсгэн, иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэж болохгүй. Монголчуудын нийт олонхын авдаг цалин хэд билээ, ажил орлогогүй, ядуу нь хэчнээн билээ. Манай улсын 3.2 сая хүний 904 мянга нь ядуу амьдарч байна гэсэн статистик бий.
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Атал агуулах, зоорио барьж, техник технологио сайжруулж, өвлийн хүлэмжээ олшруулж, үндсэний үйлдвэрлэлээ өргөжүүлж, тариалалтаа нэмэгдүүлэхгүйгээр татварыг шууд нэмэх нь энгийн иргэд, эмзэг бүлгийнхэнд хүнд дарамт болж буй нь гарцаагүй. Иргэд бүсээ чангалаад ч амьдрал нь улам хүндэрч байна. Ирэх жилээс импотекийн зээлээ төлж эхлэхээр энэ улсын эдийн засаг үндсэндээ царцаж мэднэ. Үнийн өсөлт баячуудын орлогыг зузаалж, энгийн иргэдийн халаасыг тэмтэрдэг нь бичигдээгүй хууль. Цар тахлын үед гэхэд л Монголын эмийн салбараас цөөнгүй тэрбумтан төрсөн гэнэ лээ.
Үнэндээ бурханы хөшөө, айрагны өргөө барьж айлуудын жорлонг шинэчлэхээс илүү агуулах сав барих нь эдийн засагт илүү ач холбогдолтой. Авчиг манай улстөрчдийн хувьд улсын эрх ашиг биш хувийн эрх ашиг нь нэгд тавигддаг хойно доо.
2.
“Хөлдүү төмс” шиг улстөрчдөө сонгоод байвал улам л ядуурна гэсэн үг. Юу тарина түүнийгээ хураана гэж үг байдаг. Жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 4.5 тэрбум төгрөгөөр 2000 өрхийн нүхэнд жорлонг эхний ээлжид шинэчлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ. Улсын төсөв нь хэдэн их наядын алдагдалтай, орж ирэх мөнгө урсгал нь царцчихсан, долларын ханшаа алдаж, төгрөг нь цаас болчхоод байхад л гэр хорооллын жорлонг төсвийн мөнгөөр шинэчилнэ гээд тендер зарлаад зогсч байгаа Б.Б сайд болоод санаачилгыг нь гаргасан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар иргэдийн эрүүл мэндийн бодсондоо ингэж байгаа юм огт биш.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн мянга, мөн Орхоны Баян-Өндөрийн мянган нүхэн жорлонг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчлэхээр болсны цаад шалтгаан нь М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ хоёр сонгогчдоо авлигадахыг санаархаж буй хэрэг. Нүхэн жорлонг буруулах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх байтал нүхэн жорлонг нь шинэчилж өгье гээд явж байгаад бид өөрсдөө л буруутай. Бидний сонгосон төр, төрийн түшээд шүү дээ.
Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан бол төрийн авлига. Төрийн авлига буураагүй цагт хэчнээн арга хэмжээ аваад ч үнэ өссөөр л байна. Жишээ нь Замын-Үүдийн ачаа тээврийн хөлс хоёр саяас 25 сая болтлоо өссөн шалтгаан нь төрийн албан хаагчдын авлигатай холбоотой. Мэдээж, бизнесменүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнэд өгсөн авлигаа шингээгээд зарчихна. Эцэст нь энгийн хэрэглэгчид тэр авлигын хохирогч болж байна гэсэн үг.
Ачаа тээврийн үнэ өссөний цаана байгаа авлигын сүлжээг АТГ илрүүлдэг баатар болсон, байхгүй. Замын-Үүдийн мафитай Х.Нямбаатар зад тэмцсэн ч юм алга. Жил боллоо, ачаа тээврийн зардал өссөн үү гэхээс авлига буурсангүй.
3.
Нэг ам.доллар өнөөдөр 32 боодол төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ханш унана гэдэг цалин, орлого буурч байна гэсэн үг. Төгрөгийн ханшийн тогтворжуулахын тулд хөрөнгө оруулалтыг татах ёстой. Даанч, Төрийн ордны дотор, гадна байгаа шантаажчид, энтертайментчдаас болоод гадаадынх нь байтугай дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэж байна.
Мөв мөрөөрөө, зүв зүгээр явж байсан салбарын ажил улстөрчид хуруу, хошуугаа дүрчхээр уналтад ордгийн нэг жишээ нь ипотек. Ипотекийн хүүг дөрвөн хувь бууруулна гэсэн Шадар сайд С.Амарсайханы үгэнд итгээд алга ташаад байсан, өнөөдөр арилжааны банкууд нь зээлээ зогсоочихсон. Банкууд зээл олгохгүй болохоор бизнесүүд зогсоно. Бизнесүүд зогсвол ажилгүйдэл нэмэгдэнэ. Ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал нэмэгдэнэ. Ядуурал нэмэгдвэл халамж нэмэгдэнэ. Гээд манай улстөрчдөд иргэд нь ядуу байх тусмаа сайн байдаг бололтой. Жорлон морлонг нь шинэчилж, хөшөө мөшөөхөн бариад сонгогдчихно.
Улсын төсөв тэр чигтээ “авлига”.Төсвийн хэмнэлтийг УИХ-аас эхэлье, тойргийн хөрөнгө оруулалтыг нь бууруулах засгийн бодлогоо гишүүд нь унагачихна. Тойргийн хөрөнгө оруулалт гишүүдийн төрийн бусаараа дамжуулан угаадаг, ууж иддэг мөнгө болоод удаж байгаа. УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн ХОМ эрс өсдөг нь ийм л учиртай юм.
Тиймээс төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулдаг болгоё гэвэл жижиг мажоритори тогтолцоог халах ёстой. Жагсаалтаар сонгогдсон гишүүд жалгын төсөв ярьдаг биш улсын хөгжил ярьдаг болно. Учир нь тэд сонгогчдыг худалдаж авах шаардлагагүй. Жорлон шинэчилж татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлахгүй. Боов, шоов, данх сав, гутал хувцасхнаар сонгогчдыг хуурдгаа болино. Том агуулгаараа авлигажсан төсвөөс сална.Төсвийн авлигыг дагаад төрийн авлига буурна.
Үндсэндээ өнөөдрийн төмсний үнийн өсөлт, төгрөгийн уналтын гол буруутан нь төрийн авлигал, төсвийн үрэлгэн байдал юм шүү дээ. Тиймээс авлигатай тэмцэх амлалтаа яасан бэ гэж Ардын намынхнаас ам асуугаад байгаа юм. Манайхан Сингапурын хөгжлийг гайхдаг, биширдэг. Тэдний хөгжсөний нууц нь ердөө л төрийн авлигатайгаа сайн тэмцсэн явдал. АТГ-аас гаргасан УИХ-ын гишүүд, төрийн албаныхны ХОМ-ыг харахад авлигачдын таргалсан, ард түмний турсан хоёр яг тэнцэнэ.
Холбоотой мэдээ