Сүүлийн жилүүдэд хот гэлтгүй орон нутагт олон улсын стандартад нийцсэн театр, музей, сургууль барьж, нээлтээ хийх болов. Тиймээс энэ удаа Булган, Өмнөговь, Хэнтий аймагт барьж байгуулсан томоохон бүтээн байгуулалтыг онцлон хүргэж байна.
ӨМНӨГОВЬД 16 ТЭРБУМААР ТЕАТР, 10 ТЭРБУМААР МУЗЕЙ СҮНДЭРЛЭВ
"Оюутолгой" компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймагт музей барьсан. Нийт 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай музей /2022.05.18/ нээлтээ хийсэн юм.
Мөн Өмнөговь аймагт дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай театр нь /2022.06.30/ нээлтээ хийсэн. 850 хүний суудалтай аж.
Аймаг орон нутгийн төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байна.
Архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал зоорийн давхраас гадна долоон давхар барилгатай дүйцхүйц өндөртэй, дөрвөн давхар барилгын зураг төсвийг ур чадвараа шингээж бүтээсэн “Балданс” ХХК-ийн хамт олон барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.
БУЛГАН АЙМАГТ АЙРАГНИЙ ӨРГӨӨ БАРИНА
Булган аймагт гурван тэрбум төгрөгөөр айрагны өргөө барих гэж буйг иргэд ихээр шүүмжилсэн. Төсвийн тодотголоор айрагны өргөөг барих санхүүжилтийг цуцлах саналыг Засгийн газраас оруулсан нь УИХ хүлээж аваагүй юм.
Энэ талаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир өмнө нь мэдээлэл өгөхдөө "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөө барих ажил шүүмжлэл дагуулсан. Сумаас энэ өргөөг барих газрын асуудлыг л шийдэж ажиллана. Одоогоор ямар нэг шав тавиагүй. Нийт таван га газарт айрагны өргөө барихаар шийдвэрлэсэн. Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар.
Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа. Цогцолборын зураг төсөлтэй эхний ээлжид танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Харин Тэшиг суманд цөцгийний үйлдвэр барина. Тэр үйлдвэрийн хувьд мөн томоохон бүтээн байгуулалтад тооцогдож буй" тухай ярьж байв.
БЭРХ ТОСГОНД АНХ УДАА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БАРИВ
Хэнтий аймгийн Бэрх тосгонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орсон. Барилгын ажлыг "Хүрэл Ордон" компани гүйцэтгэжээ. Монгол Улсад одоогоор олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг, төрийн өмчийн гурван сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж.
Орон нутагт анх удаа олон улсын хөтөлбөртэй сургууль Хэнтий аймгийн Бэрх тосгонд байгуулж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн хүүхдүүдээс элсэлтээ авч байгаа аж.
Мөн тус тосгонд “Бэрхийн гүний уурхайн музей” байгуулахаар төлөвлөжээ.