ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гаригт Ираны Тегеран хотод айлчилсан. Тэрбээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны дээд удирдагч Али Хаменеитэй уулзаж, Сирийн асуудлаар ярилцжээ. Гэвч яриа хэлэлцээ сүүлдээ үр тарианы тээвэрлэлт, Украины дайны тухай болж хувирав. Энэ удаагийн айлчлал нь Путины дайн эхэлснээс хойш хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх анхны гадаад айлчлал юм.
Ираны дээд удирдагч Али Хаменеи ОХУ-ын Украин дахь зорилгыг дэмжиж, НАТО эцэст нь мөргөлдөөнийг эхлүүлэх л байсан гэжээ. Тэрбээр НАТО-г аюултай амьтан гэж нэрийдээд, Крымийг шалтаг болгон дайн эхлүүлэх байсан гэж уулзалтын дараа цахим хуудсандаа нийтэлсэн.
Путин мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, дэлхийн хүнсний хямралыг намжаахын тулд Украины үр тарианы экспортыг сэргээх тухай НҮБ-аас дэмжсэн саналыг хэлэлцжээ. Эрдоганы хувьд Орос, Украины дайныг энхийн замаар зохицуулах яриа хэлэлцээг зуучлах, Хар тэнгисээр дамжин өнгөрөх Украины үр тарианы гацааг арилгах хэлэлцээнд туслахыг зорьж буй.
Турк улс өмнө нь Азербайжан, Ливи, Сири дэх мөргөлдөөнд Оросын эсрэг байр суурь баримталж байсан. Тэр бүү хэл Украины зэвсэгт хүчинд үхлийн аюултай нисгэгчгүй онгоц хүртэл худалджээ. Гэвч НАТО-ийн гишүүн Турк улс Кремлийн эсрэг арга хэмжээ аваагүй юм. Инфляцийн өсөлт, хурдацтай унаж валютын ханшийн уналттай тэмцэж буй Турк улс Орост найдсан хэвээр, гол боломжит түнш нь хэвээр байна. Оростой зэвсэг, цөмийн эрчим хүчний талаар хэд хэдэн чухал гэрээ байгуулсан учир Турк улс асуудалд болгоомжтой хандах нь аргагүй юм.
ЭРДОГАН ХАРИУГАА АВСАН НЬ
Гэтэл Туркийн ерөнхийлөгч Эрдоган уулзалтын өмнө Путиныг 48 секунд хүлээлгэсэн нь шуугиан тарив. Эрдоган гар барьж, зургаа авахуулахаар цагтаа орж ирээгүй тул дэлхийн хэвлэлийнхний өмнө Путин эрхий хуруугаа оролдон хүлээж буй бичлэг цахим орчинд тарсан. Зарим хүн энэ явдлыг Путиныг доромжилсон хэрэг гэж үзсэн бол зарим нь дайнаас хойш түүний байр суурь хэр зэрэг ганхсаныг харуулж байна гэв. Түүхийг эргэн сөхвөл, 2020 онд Путин өөрөө Эрдоганыг камерын өмнө хоёр минут орчим хүлээлгэж байсан удаатай.
НҮБ, Орос, Украин, Туркийн албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт боомтуудад гацсан 22 сая тонн үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг баталгаажуулах гэрээний зарим хэсгийг тохиролцсон. Эрдоган хоцорч орж ирснийхээ дараа Истанбулд болсон тус хэлэлцээний үеэр Оросын тал маш эерэг, найрсаг хандлагатай байсан гэж сайшаажээ. Мөн дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэх хэлэлцээр хийгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Ямартай ч Путин, Эрдоган хоёрын уулзалт нь улаан буудай, арвай зэрэг амин чухал түүхий эдийн үнийг огцом өсгөсөн дэлхийн хүнсний хямралыг намжаах томоохон алхам байж магадгүй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэдхэн хоногийн өмнө Ираны Ойрхи Дорнод дахь гол өрсөлдөгчид болох Израиль, Саудын Арабт айлчилсан. Үүний дараа Путины ийнхүү өрсөлдөгч Иран улсад айлчилжээ. Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ, Ираны удирдагчтай харилцаа холбоо тогтоох нь маш чухал гэжээ. Али Хаменеи, Путин хоёрын хооронд харилцан итгэлцэл бүхий яриа хэлцэл өрнөсөн бөгөөд ихэнх асуудал дээр ижил байр суурьтай байсан гэдгийг тэр онцолсон байна.
ТУРКИЙН ТҮРЭМГИЙЛЛИЙГ ОРОС, ИРАН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Мэдээж уулзалтын гол сэдэв Сирийн дайн байсан юм. Сири дэх цэргийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн Туркийн заналхийллийг Орос, Иран хоёр эсэргүүцэж буй. Эрдогантай уулзахдаа Ираны удирдагч Туркийн түрэмгийллийн эсрэг хатуу анхааруулга өгсөн байна. “Сирийн хойд хэсэгт аливаа цэргийн дайралт хийх нь Турк, Сири тэргүүтэй бүс нутагт хор хөнөөл учруулж, террористуудад ашиг тусаа өгөх болно. Яриа хэлэлцээрээр энэ асуудлыг эцэс болгох хэрэгтэй” гэж Ираны удирдагч онцолсон. Гэтэл Эрдоган энэ тэмцлийг нь Орос, Иран хоёр дэмжинэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Сири улс өнгөрсөн сард Украины салан тусгаарласан бүс нутаг болох Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ Лхагва гаригт Украинтай дипломат харилцаагаа тасалж буйгаа албан ёсоор мэдэгджээ.
ПУТИН ИРАНААС ТУСЛАМЖ ХҮСЧЭЭ
АНУ-ын тагнуулын албанаас мэдээлснээр, Орос улс байлдааны асар их хохирлоо нөхөхийн тулд 300 гаруй нисгэгчгүй онгоц авахаар Иранд хандсан байна. Тодруулбал, Оросын албаны хүмүүс Ираны төв хэсэгт байрлах нисэх онгоцны буудалд зургадугаар сарын 8-нд, долдугаар сарын 5-нд хоёр удаа зочилсон аж. Хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад оросууд Шахед-191 ба Шахед-129 нисгэгчгүй онгоцнуудыг шалгажээ.
“Ираны засгийн газар Орост хэдэн зуу хүртэлх нисгэгчгүй онгоц, тэр дундаа зэвсгийн зориулалттай нисгэгчгүй онгоцыг шуурхай нийлүүлэхээр бэлтгэж буйг бидний олж авсан мэдээлэл харуулж байна. Оросын операторуудад зориулсан сургалт удахгүй эхлэнэ” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэллээ. “Орост нисгэгчгүй онгоц байдаг ч яг шаардлагатай бүх төрлийн онгоц байхгүй” гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн шинжээч хэлжээ.
Иран, Орос аль аль нь маш их хориг арга хэмжээнд өртөж, баруунжсан олон улсын дэг журамд гадуурхагдсан тул хоёр тал тус тусын байр сууриа сайжруулах нийтлэг шалтгааныг олсон байж магадгүйг “Asia times” хуудас онцлов. Тодруулбал, дрон технологи нь хоёр талын практик хамтын ажиллагааны олон гол цэгүүдийн нэг байж болох юм.
Эх сурвалж: DAILY MAIL, ASIA TIMES, EURONEWS
Холбоотой мэдээ