Ч.Сугирбаатар: Хоёр улсын хооронд галт тэрэг солилцоо тасрах эрсдэл үүсэх байсан

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Ч.Сугирбаатар: Хоёр улсын хооронд галт тэрэг солилцоо тасрах эрсдэл үүсэх байсан

Ч.Сугирбаатар: Хоёр улсын хооронд галт тэрэг солилцоо тасрах эрсдэл үүсэх байсан

  Замын-Үүд өртөөгөөр орж ирэх импортын ачааг наадмын өдрүүдэд түр хугацаагаар багасгах тухай Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатарын БНХАУ-ын Эрээн өртөөний удирдлагад хандаж бичсэн албан бичиг сошиал сүлжээнд тавигдсан. Энэхүү албан бичгийг нийтэд дэлгэхдээ сэтгүүлч мэргэжлийн бус, ойлголтын зөрүүтэйгээс буруу тайлбартайгаар нийтэлж, ард иргэдийн дунд сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц нөхцөл байдал  үүсчээ. Тиймээс олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүднээс Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатартай утсаар холбогдож, дараах зүйлсийг тодрууллаа.

-БНХАУ-ын Эрээн өртөөний удирдлагад хаягласан таны албан бичгийн талаар санаатай, санамсаргүйгээр янз бүрээр тайлбарлан олон нийтийн сүлжээнд дэлгэжээ. Таны тайлбарыг сонсох гэсэн юм?    

-Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Юуны өмнө миний бичсэн албан бичгийг буруугаар тайлбарлаж, нийтийн сүлжээнд тавьсныг хараад ихэд гайхсан. Уг нь, хилийн хоёр өртөөд тээвэр зохион байгуулалтын ажлаа харилцан уялдаатай хамтарч зохион байгуулахад ашигладаг технологит ажиллагааны л тухай албан бичиг байсан юм. Та бүхэн мэднэ шүү дээ. Манай хоёр улсын хилийн өртөөд тээврийн ажлаа зохион байгуулахдаа хоорондоо харилцан маш сайн ярьж тохиролцож, уялдаатайгаар зохион байгуулдаг онцлогтой. Албан бичигт дурдсан крити буюу битүү вагоны тээвэрлэлтийг тодорхой хугацаанд өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр долоо хоног хязгаарлах гэсэн нь дараах шалтгаантай юм л даа. Өмнө нь, манай өртөө долоо хоногийн хугацаанд 359 крити буюу битүү вагон Эрээн өртөөнөөс хүлээн авдаг байв. Үүнийг наадмын өдрүүдээр тодорхой хэмжээгээр хязгаарлаж, долдугаар сарын 11-18-ны хооронд 180 крити болгож багасгасан. Энэ арга хэмжээг зайлшгүй авахаас өөр арга зам байгаагүй. Хэрэв  энэ арга хэмжээг аваагүй байсан бол Замын-Үүд өртөөний замууд дүүрч хүлээн авах, явуулах замгүй, хоёр улсын хооронд галт тэрэг солилцоо тасрах маш том эрсдэл үүсэх байсан. Ийм эрсдэл үүсвэл угаасаа хүнд  байгаа манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг та бүхэн төсөөлж байгаа байх. Хоёрдугаарт, энэ арга хэмжээг авах болсон бас нэг шалтгаан нь баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар өртөө мөн Улаанбаатар шилжүүлэн ачих ангийн хашаа, салбар замуудад 113 крити вагон ачаагаа буулгаж чадалгүй удаан хугацаагаар зогсоход хүрсэн. Учир нь, ачаа хүлээн авагч нар нь утсаа авахгүй, мессеж бичээд ч хариу өгөхгүй, бүгд наадмаар хөдөө орон нутаг руу амраад явчихсан. Үүнээс болоод Улаанбаатарт 113, Замын-Үүдэд 291 крити вагон ачаагаа буулгаж, чадалгүй өртөөний замууд дээр удаан зогсон вагон эргэлт удаашрахад хүргэсэн. Энэ хугацаанд Эрээн өртөөнөөс тасралтгүй импортын ачаатай вагон хүлээн авсаар л байсныг тодруулж хэлэх нь зөв болов уу. Эрээн өртөө Замын-Үүд өртөөнд хоног бүр 20-65 крити вагонтой ачаа өгдөг.

-Таныг чухам өөрөө амрах гээд л ийм утгатай албан бичиг бичсэн гэсэн үгс тайлбарт нь харагдсан. Магадгүй олон нийт төмөр замчдын ажлын онцлогийг мэдэхгүй, ойлгодоггүйгээс сөрөг хандлага их гаргаж байна уу даа гэж харагдах юм?       

-Таны хэлдэг зөв. Баяр наадам, жирийн үед ч УБТЗ 24 цагаар ажилладаг гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх. Ингэж ажиллаж байж л төмөр замчид бид улс эх орны эдийн засгийг тэтгэх гол судас болсон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангадаг онцлогтой. Тэр ч утгаараа хатуу сахилга бат өндөртэй байгууллага гэдгийг ард иргэд маань гадарлах биз. Тэрнээс зарим хүмүүсийн бичээд байгаа шиг наадмаар амрахын тулд ачаагаа багасгасан гэдэг бол үндэслэлгүй худал гүтгэлэг. Тэр тусмаа говийн аагим халуунд хөлсөө дуслуулан байж улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа төмөр замчдыг ингэж хэлж болохгүй гэж санагдана. Эцэст нь хэлэхэд, УБТЗ-ын гол зам, салбар замуудын хүчин чадал, хүлээн авах багтаамж, боломж нь хязгаартай. Сав дүүрээд байдаг, савнаасаа илүүг авч болохгүйтэй адил юм. Иймд тээврийн ажлыг тасралтгүй зөв зохион байгуулах үүрэгтэй манай хамт олон энэ албан тоотоор ажлын ачааллаа зөв хуваарилж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд л ийм арга хэмжээ авсан гэдгийг зөв ойлгоосой гэж хүсэх байна.

-Цаг зав гарган үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

                                                                                                        Б.Мөрөн

                                                                                                     Фотог Б.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж