Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Чингис хааны хөрөг зургийг зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн, зурж бүтээсээр ирсэн. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэхчилэн маш олон асуулт бий. Ингээд энэ талаар судлаач, түүхчдийн байр суурийг хүргэе.
Түүхч, археологич, соёлын өв судлаач, доктор, профессор Ю.Болдбаатар:
-Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан нь ач холбогдол байлгүй яахав. Учир утгыг нь дэлхий даяар амьдарч буй монгол угсаатан, монголчууд сайн мэднэ. Дэлхий дахинаа Монгол Улсын тусгаар тогтнолыг яагаад хүндэтгэж үздэг билээ. Түүхэн талаас нь хүндэтгэдэг хэд хэдэн хүчин зүйл бий. Тэр бүхний эхлэлийг яалт ч үгүй Чингис хаан тавьсан. Түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн биет хүн гэж бий. Түүхэн гарамгай үйлстэй Чингис хааныг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг учраас Их эзэн чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй.
Өнөө цагт ч гэсэн дэлхий дахинаа Монгол Улсыг Чингис хаанаар овоглодог шүү дээ. Гэхдээ зүгээр нэг хоосон, явцуу утгаар бус илүү учир утгатай, сүсэг бишрэлтэй залах ёстой. "Дургүй ламд сахил хүртээнэ" гэж үг байдаг. Нэг талаасаа түүхийг улстөржүүлж, жирийн иргэдийг төөрөгдүүлэхгүйгээр учир шалтгааныг нь ойлгуулах нь чухал.
Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди айл бүхэн морин хуур хөгжмөө залах зарлиг гаргаж байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн эрх үүрэгт соёлыг дээдлэх, ард түмний ёс заншлыг хүндэтгэж, сурталчлах гэж заасан байдаг. Төрийн дуулалд "Даяар монголын ариун голомт" гэдэг. Энэ дэлхийд тархан суурьшсан монгол үндэстнүүдийг нэгтгэх субъект нь Чингис хаан юм. Ариун голомтыг сахиж буй Монголын ард түмэн итгэлтэй, сэтгэлтэй, хариуцлагатай, бодлоготой байх хэрэгтэй. Төр засгаас ч үүнд анхаарч сурталчлах шаардлагатай. Тэгэхгүй манайхан "Би Чингисийн үр сад" гэж хоосон хийрхдэг тал бий.
Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн:
-Чингис хааны хөргийг залах нь маш чухал ач холбогдолтой. Монголын айл өрх болгонд Чингисийн зурагтай эд зүйл олон болсон. Жишээлбэл, Чингистэй хивс, хөрөг зураг гэх мэт. Ерөнхийлөгч зарлиг буулгаснаар хүн бүрийн итгэл үнэмшлийг улам хүчтэй болгож өгч байна гэсэн үг. Монголл Бээжин болон Тайваньд олдсон эш хөргөөс хуулбарлаж, зурсан байдаг.
Доктор, профессор, зохиолч Л.Дашням:
-Аль ч нийгэмд үлгэрлэж явдаг түүхэн бахархалт хүнийхээ дууриаллаар өөрийгөө засч, залж, нийгмээ өөдөн татдаг замналтай шүү дээ. Тийм болохоор Чингисийн дүрийг үргэлж харж байна гэдэг нь үүх түүхээ таньж, өрх гэрээ өөдөн татаж, үндэсний бахархал болгоно гэсэн үг. Чингис хааны эш хөрөг Бээжин, Тайваньд байдаг. Хоорондоо яльгүй жаахан ялгаатай. Манай эрдэмтэн судлаачид ч эш хөргийг сайн судалж, жаахан өөрчилж зурсан тохиолдол бий.
Холбоотой мэдээ