Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар МУХБ-ны Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн нийт дүн нь 503 тэрбумд хүрээд байна.
Энэ нь эхний хагас жилийн зорилтдоо хүрсэн хэмээн Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ. Тэрээр хэлэхдээ:- "Үүнээс гадна ойрын хугацаанд 200 орчим тэрбум төгрөг төлөгдөх хүлээлттэй байна. Үүнд: “Эрдэнэс Монгол” ХК-ийн зээлийн эргэн төлөлт багтаж байна.
Мөн барьцаа хөрөнгөгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй зээлүүдийг барьцаа хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дээрх төлөлтүүд хийгдсэнээр энэ жилдээ нийт 1 их наядын төгрөгийн эргэн төлөлт хийгдэх зорилгодоо хүрэх боломжтой гэж харж байна…” гэлээ.
Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хугацаанд хоёр том ажлыг хэрэгжүүлж дуусгасан. Тодруулбал, нэгдүгээрт Олон Улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож, зээлжих зэрэглэлээ single B тогтвортой түвшинд хадгалж үлдсэн. Хоёрдугаарт Санхүүгийн аудит хийж дуусгасан бөгөөд 906 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуулаад байна. Ингэснээр банкны хувьд ямарваа нэгэн дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болох юм. Банкны үлдсэн ээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэх зорилттойгоор ажиллаж байна.
Оны эхэнд зээлийн мэдээллийг ил тод зарлахад 66 зээлдэгч байсан бол 7 зээлдэгч зээлээ бүрэн барагдуулж, 59 зээлдэгч үлдээд байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа зээлдэгчдээс гадна 15 орчим томоохон зээлдэгч эргэн төлөлт хийгээгүй, үр дүн бага байна.
Томоохон зээлдэгчдийг дурдвал, “Шинэ Яармаг” ХХК, “Бэрэн групп”ХХК, “Эрэл” ХХК гурав нийтдээ 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу байна.
“Шинэ Яармаг” ХХК шүүхээр 61 тэрбум гэсэн боловч манай банкны баланс дээр 120 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн бүртгэл байна. Одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Анх байгуулсан гэрээгээр “Шинэ Яармаг” ХХК-ийн зээл нь барьцаа хөрөнгөгүй тул хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна. Банкны зүгээс Шүүхээр тогтоосон дүнгээ нэхэмжилж байгаа хэдий ч нөгөө талдаа банканд 120 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн баланс дээр бүртгэл байгаа. Тиймээс банкны зүгээс эргэн төлөлтийг бүрэн хангуулахаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ХХБ-ны хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий 2 том зээл байсны нэг болох “Кью Эс Си” ХХК-ийн 191 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Үлдсэн зээл буюу “Хөтөл” ХХК-ийн 320 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Мөн төрийн өмчит компаниудын эргэн төлөлтийн асуудлаар харъяа яамдтай хамтран ажиллаж байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.