Олны анхаарлын төвд буй хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
С.ЭРДЭНИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН Д.АЛТАНХУЯГТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Алтанхуягийг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Тодруулбал, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны долдугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 5-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзсан.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны долдугаар сарын 5-наас эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн.
ЦЭРЭГ АМИА АЛДСАН ХЭРЭГТ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай цэрэг залуу амь насаа алдсан байжээ.
Хохирогч тус аймагт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
С.БАЯРЦОГТОД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн өнгөрөгч онд /2021.07.19/-т хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай нийслэлийн прокурорын байгууллагад ирүүлж, хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд суллагдсан. Түүний өмгөөлөгч Г.Орхоны мэдээлснээр, үйлчлүүлэгчийг нь шүүхийн захирамжаар сулласан юм.
Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан билээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө С.Баярцогтыг баривчлан саатуулж, 10 тэрбумын дэнчинг шүүхээс нэхэж байсан удаатай. Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс түүнийг нотлож чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож байлаа.
Харин 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Уг хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг.
Ч.МӨНХБАЯРТ 10 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ОНООВ
Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАЛТЫН ШАТНЫ САХИЛГЫН ХЭРГИЙН ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгч Х.Идэр шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг хойшлуулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болохоор шинээр зохицуулсан.
Мөн дээд шүүхийн таван шүүгч танхим харгалзахгүйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор заажээ. Гэвч уг хуульд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой зохицуулаагүй байх тул энэ асуудлаар шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд санал оруулахаар болсон байна.
Холбоотой мэдээ