Төрийн "микрофон" ба түрэмгий дайныг эсэргүүцэгч

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Төрийн "микрофон" ба түрэмгий дайныг эсэргүүцэгч

Төрийн "микрофон" ба түрэмгий дайныг эсэргүүцэгч

ОХУ-ын төрийн өмчит “Нэгдүгээр суваг” телевизийн оройн мэдээний үеэр дайныг эсэргүүцсэн лоозон барьж гарч ирсэн Марина Овсянникова гэх сэтгүүлч эмэгтэйг NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Марина Овсянникова энэ оны гуравдугаар сарын 14-нд оройн мэдээний дундуур дайныг эсэргүүцсэн лоозон барьж дэлхийг шуугиулсан юм. Түүний барьсан лоозон дээр “Дайнд үгүй гэж хэлье. Дайнаа зогсоо. Суртал ухуулгад бүү итгэ. Тэд таныг хуурч байна” гэсэн байжээ. Тэрбээр зөвхөн лоозон бариад зогсохгүй, “Дайнаа зогсоо” гэж орилох нь мэдээний дундуур сонсогдсон.

Овсянникова 1978 онд одоогийн Украины Одесса хотод төржээ. Ээж нь орос, аав нь украин хүн. Украинд зарим хамаатан садан нь байдаг ч тэдэнтэйгээ төдийлөн харьцдаггүй аж. Тэрбээр хүүхэд ахуйдаа усанд сэлэлт, уран гимнастикаар хичээллэдэг байв. Усанд сэлэлтээр амжилттай хичээллэж, багаараа Краснодарийн аварга болсон удаатай.

Овсянникова “Russia today” сувгийн захирал Игорь Овсянниковатай гэрлэсэн боловч энэ оны гуравдугаар сард салсан гэж эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр Москвад хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг.

ТӨРИЙН "МИКРОФОН"

Тэрбээр Оросын өмнөд хэсэгт орших Краснодар хотын Кубан их сургууль, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академийг тус тус төгссөн. Ажлын туршлагын хувьд Оросын төв телевиз, радио нэвтрүүлгийн компани, Кубан телевизэд тус тус ажиллаж байжээ. Кубан телевиз нь Оросын төв телевиз, радио нэвтрүүлгийн компанийн харъяа юм.

Түүний гэр бүл 2000-аад оны эхээр Москвад шилжиж иржээ. Овсянниковагийн нөхөр Игорь нь тухайн үед “Russia today”-д найруулагчаар ажилладаг байсан бөгөөд гэр бүлээрээ хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг байжээ. Москвад ирснийхээ дараа Овсянникова нөхрийнхөө дэмжлэгтэйгээр Оросын нэгдүгээр сувагт ажилд орсон. Нэгдүгээр сувагт ажиллаж байх үедээ барууныхныг муу талаас нь, Оросыг сайн талаас нь харагдуулахыг хичээж ажилласан гэж түүний тухай ярьдаг. Тэрч бүү хэл, Овсянниковаг “Төрийн микрофон”, “Кремлийн суртал ухуулгын машины нэг хэсэг” гэж нэг хэсэг тодорхойлдог байв. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл Орос, Украины дайн эхэлснээр Овсянниковагийн үзэл бодол өөрчлөгджээ. Овсянникова эхэндээ Путиныг дэмждэг байсан ч Украины дайны үеийн зургууд түүний хүүхэд байхдаа Чеченьд туулж өнгөрүүлсэн дайны дурсамжийг сэдрээсэн байна. Тэр анхандаа Кремлийн ойролцоо жагсаал хийхээр төлөвлөсөн боловч энэ нь тийм ч ашиггүй юм байна гэж шийдсэн аж. Харин үүнийхээ оронд гуравдугаар сарын 14-ний өдөр “Время” оройн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Екатерина Андрееваг мэдээгээ уншиж байх мөчид ард нь гарч ирсэн. Тухайн үед Екатерина Андреева дайнтай холбоотой мэдээллийг шууд хүргэж байсан агаад Овсянникова орос, англи хэлээр хольж бичсэн лоозон барин гарч иржээ. Хэдэн секундын дараа нэвтрүүлэг тасарсан.

Энэ нь тус телевизийн  хувьд нэн ховор үзэгдэл болсон юм. Тус телевизийн баримжаа Кремлийн бодлогоос гаждаггүй, дайн гэж үгийг урьд өмнө нь ашиглаж байгаагүй аж. Тиймээс Овсянниковагийн үйлдэл ер бусын тохиолдол байсан нь ойлгомжтой.

Шууд нэвтрүүлгийн үеэр эсэргүүцэл илэрхийлэхээсээ өмнө Овсянникова дайны тухай үзэл бодлоо илэрхийлсэн бичлэг хийсэн байжээ. Нэвтрүүлэг үймүүлсэн дуулианы дараа Оросын хүний эрхийн “OVD-Info” байгууллагаас тэр бичлэгийг нь нийтэлсэн. Бичлэгт тэрбээр “Кремлийн суртал ухуулгад ажиллахаасаа ичиж байна” гэж мэдэгдсэн аж.

Түүний бичлэгийг дэлгэрэнгүй сийрүүлбэл, “Украинд болж буй үйл явдал бол гэмт хэрэг. Орос бол түрэмгийлэгч орон бөгөөд энэ түрэмгийллийн хариуцлагыг нэг л хүн үүрнэ. Тэр бол Владимир Путин. Аав минь украин, ээж минь орос, тэд хэзээ ч хоорондоо дайсан байгаагүй. Миний зүүсэн хүзүүний зүүлт Оросыг бэлгэдсэн утгатай. Манай ахан дүүс энэ дайныг нэн даруй зогсоох ёстой, бидэнд эвлэрэх боломж байгаагийн бэлгэдэл бол энэ зүүлт. Сүүлийн хэдэн жил нэгдүгээр сувагт ажиллаж, суртал ухуулга хийсэндээ маш их ичиж, харамсч байна. 2014 онд энэ бүхэн эхлэхэд бид чимээгүй байсан. Кремль Навальныйг хордуулахад ч бид эсэргүүцээгүй. Бид энэ хүнлэг бус дэглэмийг ажил дээрээ чимээгүйхэн харж байсан. Одоо дэлхий нийт биднээс нүүр бурууллаа. Хойч үе ч энэ дайны толбыг арилгаж дийлэхгүй. Оросууд бид сэтгэдэг, ухаалаг хүмүүс. Энэ бүх солиорлыг зогсоох эсэх нь бидний мэдэлд байна. Эсэргүүцэж байна. Юунаас ч бүү ай. Тэд биднийг бүгдийг нь түгжиж чадахгүй” гэжээ.

ТҮҮНИЙ ТАЛААР “ТОМЧУУД” ЮУ ХЭЛЭВ?

Овсянниковагийн эсэргүүцлийг бичлэг дэлхий даяар тарж, бүхний анхаарлыг татсан. Украины ерөнхийлөгч Зеленский хүртэл нэгэн нэвтрүүлгийн үеэр түүнд талархал илэрхийлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний үйлдлийг танхайн хэрэг гэж нэрийдсэн. Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд орогнол санал болгожээ.

Оросын сөрөг хүчний улстөрчид Овсянниковагийн эсэргүүцлийг сайшаасан. Тухайлбал, сөрөг хүчний улстөрч Илья Яшин түүнийг Оросын баатар гэж тодорхойлсон бол Алексей Навальный шүүх хурал дээр эцсийн үгээ хэлэх үедээ Овсянниковаг дурдан магтжээ.

Оросын нэгдүгээр сувгийн мэдээллийн албаны дарга Кирилл Клеймёнов түүнийг Британийн тагнуул гэж буруутгасан. Тодруулбал, Овсянниковаг шууд нэвтрүүлгийн үеэр эсэргүүцэл илэрхийлэхээсээ өмнө Британийн Элчин сайдын яам руу утасдсан гэж тэр хэлжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн яам энэ мэдээллийг үгүйгэсэн.

ОВСЯННИКОВА 15 ЖИЛ ХОРИГДОЖ МАГАДГҮЙ

Дайныг эсэргүүцсэнийх нь төлөө Овсянниковаг саатуулж, цагдаагийн газарт хүргэсэн. Нэвтрүүлгийн маргааш өглөө нь тэр хаана байгаа нь тодорхойгүй байв. Өмгөөлөгч нь хүртэл 12 цагийн турш түүнтэй холбогдох гэж оролдоод чадаагүй байдаг.

Тэгвэл Украины түрэмгийллийн талаар ташаа мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр Оросын хуулийн дагуу Овсянникова 15 жил хүртэл хорих ял авч магадгүй болжээ. Түүнчлэн, олон нийтийн зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулсан гэх үндэслэлээр түүнийг буруутгаж, 30 мянган рублийн торгууль ногдуулсан байна.

Улмаар гуравдугаар сарын 17-нд Овсянникова ажлаасаа гарав. Тэрбээр Францын орогнолоос татгалзаж, хүүхдүүдийнхээ хамт Орост үлдэнэ гэжээ. Гэвч дөрөвдүгээр сарын 11-нд Германы “Die welt” сонинд ажиллах хүсэлт авснаар Берлинд нүүж ирсэн юм. Хуучин нөхөр нь хүүхдүүдээ Оросоос гаргахыг зөвшөөрөөгүй тул үлдээжээ. “Die welt” сонинд тэрбээр тавдугаар сарын 27-31-ний хооронд бие даасан сурвалжлагчаар ажилласан. Энэ нь олон нийтийн дунд дуулиан шуугиан тарьсан тул Овсянникова тус улсаас явахад хүрчээ.

Норвегийн нийслэлд тавдугаар сарын 25-нд болсон Ослогийн эрх чөлөөний форумын үеэр Марина Овсянниковад Вацлав Гавелийн шагнал олгов. Энэ нь эр зориг, овсгоо самбаа гаргаж дарангуйлагчийн худал хуурмагийг ил болгосон хүмүүсийг алдаршуулах зорилготой шагнал юм.

“Die welt”-тэй байгуулсан гэрээ дуусгавар болсон тул Овсянников Орост буцаж ирсэн. Түүний дэгдээсэн дараагийн дуулиан бол Кремлийн урд байрлах София далан дээр жагссан явдал байв. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр тэрбээр “Путин бол алуурчин. Түүний цэргүүд фашист. 352 хүүхэд нас барлаа. Дахиад хэдэн хүн үхэх ёстой вэ?” гэсэн лоозон барьж жагсчээ. Энэ явдлаас хоёр өдрийн дараа Оросын цагдаа нар түүнийг баривчилсан. Хэдэн цаг саатуулсаны эцэст Ням гаригт түүнийг сулласан бөгөөд тэрээр фэйсбүүкдээ, “Би гэртээ байна, бүх юм зүгээр” гэж бичжээ.

Эх сурвалж: BBC, DW, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж