Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас өнгөрсөн онд мэдээлж байв. Тэгвэл голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүссэн байна.
Тэрбээр, вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Одоогоор малын халдварт шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж зарим аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумьж ажиллаж байгаа аж. Гэхдээ малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ.
Эргэн сануулахад, Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдсэн.
Энэ малын гоц халдварт өвчний тохиолдол өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна. Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.
Холбоотой мэдээ