ЗГ: Бензин нэг өдөр зогсвол манай эдийн засаг зогсоно

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

ЗГ: Бензин нэг өдөр зогсвол манай эдийн засаг зогсоно

ЗГ: Бензин нэг өдөр зогсвол манай эдийн засаг зогсоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

-Цэцэрлэгийн хангамжийг сайжруулах талаар ажиллаж байна. Улсын хэмжээнд СӨБ-д суралцах 140 мянган хүүхэд байна. 106 мянга нь цэцэрлэгт орох боломжтой учир үлдсэн нь сугалаагаар ордог байсан. Үүнийг зогсоохоор зорьж байгаа. 34 мянган хүүхдийн 23 мянга нь хоёр настай хүүхэд байгаа юм. 3, 4, 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьтай хангаж байгаа юм. Хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байсан. Зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолдог байсан. Үүнээс болж авлигал, хээл хахууль, ачаалал, дараалал үүсдэг байсан. Цэцэрлэгийн гадна буй 34 мянган хүүхдийн 22 мянгыг нь одоогийн байдлаар цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад явж байна.

Хамран сургах тойргийг шинээр зурж тодорхойлсон. Энэ жилээс тухайн тойрогт байгаа төрийн болон төрийн бус хувийн цэцэрлэгүүдийг оруулна. Ингэснээр хүүхэд хороо, байрныхаа ойролцоо цэцэрлэгт явах боломж бүрдэж байна. Одоо бүртгэлийн асуудлыг хянах ёстой. Манайхан шилжилт хөдөлгөөн их хийдэг. Энэ дээр хүндрэл үүсдэг. Цэцэрлэгийн хангамжийг бүх насанд 80-90 хувь хүргэх ажил хийгдэж байна. Хаяг дээрээ бүртгэл хийлгэсэн байх ёстой. "E-Mongolia"-аар дамжуулан бүртгэлээ хийлгээрэй. УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-ээс баталсан 70 орчим тэрбум төгрөгөөр бид ямар ч байсан энэ жилийн цэцэрлэгийн хангамжийг бүх насанд нь 80-90 хувьд хүргэх бодитой ажил хийж байна. Гол нь хаяг дээрээ бүртгэлээ хийлгэх шаардлагатай.

ЕБС-ийн хувьд бид 760 мянган хүүхэд хүлээн авна. Нэгдүгээр ангид 50 орчим мянган хүүхэд хүлээн авна. ЕБС дээр өмнөх жилийнхээс 40 мянгаар нэмэгдэж байна. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлж болгохоор ажиллаж байна. Энэ жил гурван ээлжээр хичээллэж болзошгүй 12 сургуулийн асуудал гарч ирсэн. Энэ дээр 12 мянган хүүхэд яригдаж байгаа. Эндээс 6510 хүүхдийнх нь сурах орчныг түрээсээр зохион байгуулна. Улсын хэмжээнд нийт 36 сургууль, 37 цэцэрлэг, 7 дотуур байрыг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, таван цогцолборыг ашиглалтад оруулахаар анхаарч байна. Энэ жилээс түгжрэлийг бууруулах асуудал дээр анхаарна.

Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн ачаалал ихэсдэг учир бүх шатны сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхгүйгээр үе шаттай нээхээр судалж байна. Энэ жил ЭЕШ-д 36 мянган хүүхэд оролцсон. 30 мянга нь шинээр оюутан болох таамаг байна.

Үүнийг дагасан ачаалал байдаг учир их сургуулийн хичээлүүдийг нийслэлийн ачаалалтай уялдуулан зохион байгуулах, ес болон аравдугаар сард ахлах курсын оюутнуудыг хичээл, практик хийх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Цаашдаа жил бүхэн хөдөө орон нутгаас 20 мянган оюутан ирдэг учир 1, 2 дугаар курсын оюутнуудыг тухайн нутагт байгаа төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр суралцуулах төрийн дэмжлэг үзүүлэх, ур чадвартай их дээд сургуулийн багш нарыг хөдөө орон нутагт очиход орон сууцны дэмжлэг үзүүлэх, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг бололцоог бүрдүүлнэ.

Мөн 2+2 буюу хоёр жил хөдөө, хоёр жил хотод суралцах зэрэг боломжийг өгнө. Дархан, Эрдэнэт, Өмнөговьд төрийн өмчит сургуулиуд нээгдэнэ. Өмнөговьд энэ жил ШУТИС-ийн Уул уурхайн сургууль анх удаагаа давхардсан бус хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч, хичээлээ эхлүүлнэ.

-Программ хангамжийн инженерүүд Монгол дутагдалдтай байдаг. Энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд яагаад анхаарахгүй байна вэ. КТМС-ийг ямар шалтгаанаар татан буулгасан юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлттэй уялддаггүй байсан. Энэ жил 36 мянган хүүхэд их дээд сургуулиа төгсөхөд зургаан мянга нь л ажлын байртай болж байна. Нөгөө талдаа 30 мянган инженер техникийн ажилтнууд хэрэгтэй байхад бид зургаан мянгыг л бэлтгэж байна. Тиймээс энэ жилээс их дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцал, мэргэжлийн индексүүдийг өөрчилснөөр эрэлттэй уялдуулж төгсөгч нараа бэлтгэнэ. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн яамтай хамтран их дээд сургууль төгссөн төгсөгчдийг мөшгих судалгааг хийж байна. Сургуулиа төгсөөд яг хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судална. Ирэх жилээс Монгол Улсад тэргүүлэх боловсон хүчнүүдийг сургах бодлогыг баримтална. Мөн оюутнууд нь төгсөөд оюутны байртай болж байгаа их дээд сургуулиудыг боловсролын зээлийн сангаас дэмждэг болно.

Намар цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүйг ЭМЯ анхааруулж байгаа. Хэрэвзээ цар тахлын өвчлөл нэмэгдвэл ямар зохицуулалт хийх вэ?

-Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт тодорхой төсөөлөл танилцуулсан. Эрсдэлүүд байгаа. Гэхдээ өнгөрсөн намар ч гэсэн хичээлээ эхлүүлэх үү, яах уу гэдэг бэрхшээл гарч байсан. Бид эрсдэлээ өв тодорхойлж, вакцинд сайн хамруулсан. 5, 9 гэсэн зарчмаар хичээллэж сурсан учир цаашдаа бид цар тахлын нөхцөл байдал, эрсдэл үүсэхэд шийдэл байгаа. Цаашдаа хичээлээ хаавал хоцрогдлын хохирол хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ.

-Цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

Наймдугаар сарын 10-ны дотор бүх бүртгэлээ эцэслэнэ. Тухайн хамран сургах тойрог дээр хэчнээн хүүхэд байгаа вэ гэдгийг гаргана.

-Их дээд сургуулиудын сургалт төлбөр нэмэгдэх үү?

-Засгийн газраас чиглэл өгсөн. Тиймээс төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана.

Ямар шатны хичээл яг хэзээ эхлэх вэ?

-Удахгүй зарлана. Нэгдүгээр курсын хичээл хэзээ эхлэх үү, хоёрдугаар курс хэзээ эхлэх үү гэдгийг жич зарлана.

-МУБИС дээр дохионы хэл мэддэггүй багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг гэнэ. Энийг яах вэ?

-Дохионы багш ажиллуулах ажлыг эхлүүлнэ. Таван мянга орчим оюутан бий. ЕБС дээр зургаан мянган хүүхэд бий. Энэ ажлуудыг эхлүүлнэ. 100 орчим сургууль дээр нэмж сэтгэлзүйч ажиллуулна. Нийт 300 орчим сэтгэлзүйч ажиллуулна.

БЕНЗИН НЭГ ӨДӨР, ДОЛОО ХОНОГ ЗОГСВОЛ МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ЗОГСОНО

Сангийн сайд Б.Жавхлан

-Энэ жилийн намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан ХАА-д хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэ дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Хавар тариалалтын үед дизель түлшний үнэ 3400 орчим байсан. Энэ онцгой цаг үед биднээс үл хамаарч буй энэ үед дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтиийг тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд бууруулах ийм зорилготой. Өөрөөр хэлбэл, шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг аль болох бага байлгах зорилготой үнийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн. Хэмжээ нь 500-600 төгрөгөөр хямд буюу хаврын үнэ дээр байлгахаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагаст хэрэглэх бүтээгдэхүүнүүд дээрээ шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ. Сүүлийн өдрүүдэд биднээс шалтгаалахгүй АИ-92, АИ-95, дизель түлшний үнэ өсч байна. Гадаад зах зээлийн үнийг дагахаас өөр арга байхгүй. Харин зах зээлд өргөнөөр хэрэглэгддэг АИ-92 дээр ОХУ-ын “Роснефть”-тэй хэлэлцэл хийсэн. Тодорхой үр дүнд хүрсэн. Өнөөдрийг хүртэл 840 гэсэн ханш дээр нийлүүлэлтээ авч байсан бол сая хэлэлцлийн үр дүнд 830 ам.доллар дээр он дуустал тохирлоо. Мөн дизель түлшийг он дуустал таван хувийн гэрээнээс хямдхан үнээр нийлүүлнэ гэсэн хариу захиа авлаа. Өнөөдөр дизель түлшний гаалийн албан татвар таван хувь байгаа. Үүнийг тэглэх арга хэмжээ авна. Засгийн газраас шалтгаалах татварын хүрээн дэх бүхий л арга хэмжээг авч байна. Тиймээс намрын ургац хураалт дээр цаг үетэйгээ уялдуулан арга хэмжээ авч байна.

Та бүхэн энэ жилийн төсвийг эргээд харвал зэсийг 6300 ам.доллар, нүүрсийг 76 ам.доллар гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, давсан үнэ бүр дээрээ шагналтай байна л гэсэн үг. Зарлагадах ёстой орлого маань 6300. Дээш давбал энэ жилийн төсөв дээр нэмэлт орлого бөгөөд алдагдлаа бууруулах, тогтворжуулалтын санд нөөцлөгдөнө гэсэн үг. Одоо зэсийн үнэ 6300 ам.доллараас дээш байна. Гэхдээ үнэ нь маш савалгаатай байна. Өнөөдөр жишээ нь 7300-тай байна. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой буюу бидний тооцоолсноос 2-2.5 дахин өндөр байна. Зэсийн хувьд эрсдэл байгаа. Сайн мэдээ гэвэл манай урагшаа гарч байгаа машинуудын тоо 1000 орчимд хүрлээ. 2019 онд 60, 80, 100, 120 тоннтой машинууд гарч байсан бол энэ жил контейнертой учир 80-90 хувь нь 130-140 тонн байна. Ерөнхийдөө бид хамгийн оргил үе буюу 2019 онд экспорт хийж байсан үеийнхтэйгээ дөхсөн байна.

Төсөв тодотгох ямар ч шаардлага байхгүй. Бензин, шатахууны үнийн хувьд дэлхийн чиг хандлага ийм байна. Биднээс нэг хувь ч шалтгаалахгүй зүйл бол бензиний үнэ. Бид урсгал сөрөх бүрдээ төсөв дээрээс зарлага гаргадаг. Гэтэл төсвийн боломж маш хязгаарлагдмал. Хүн болгонд төсвийн дэмжлэг үзүүлэх боломжгүй. Бензин нэг өдөр, долоо хоног зогсвол манай эдийн засаг зогсоно. Тиймээс бид 2025, 2026 онд ашиглалтад оруулах ёстой нефть боловсруулах үйлдвэр дээрээ л анхаарлаа хандуулах ёстой.

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эрсдэл байгаа юу? 

Одоогоор гадаад өрийн дарамтаас болж валютын сангийн ямар нэгэн хөтөлбөрт орох шалтгаан байхгүй. Гадаад өрийн тухайд бид ойрын нэг жил хагасын хугацаанд хүндрэх асуудал байхгүй. Нэмж авах арилжааны зээлийн шаардлага байхгүй. Харин 2023 оны есдүгээр сарын 25-нд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын Европын бондын өрийг, мөн 12 дугаар сарын 25-нд төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өрийг тус тус төлөх шаардлагатай. Хөгжлийн банк дээр бид арга хэмжээ авч энэ жилийн эхнээс эхлээд чанаргүй зээлүүдтэй тэмцсэн. Үүний үр дүнд зургадугаар сарын 30-ны байдлаар 481 тэрбум, өнөөдрийн байдлаар 520 тэрбумын чанаргүй зээлүүд төлөгдөөд байна. Энэ жилийн эцэс гэхэд нэг их наяд төгрөг төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Дараа жил 500 тэрбум төгрөг төлүүлнэ гэж ажиллаж байна. Ингэж чадвал Хөгжлийн банкны бондын өрийг өөрөөр нь төлүүлнэ. Хамгийн хүнд төлөх өрнүүдээ давж байна. Зээлжих зэрэглэлээ бид тогтвортой түвшиндээ хадгалж чадсан. Энэ нь Засгийн газрын төдийгүй хувийн хэвшлүүдэд хүндрэл учруулахгүй гэж ойлгож болно.

 УУХҮ-ийн сайд Г.Ёндон

-Дөрөвдүгээр сараас хойш үргэлжилсэн үнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Дэлхийн зах зээлийн үнэ энэ хугацаанд өсөөд байгаа учир бидний авч буй хөнгөлөлт 35 хувьд хүрч байна. Өмнө нь дөрөвдүгээр сард 25 хувь байлаа. АИ-92 бензиний эцсийн хэрэглэгч иргэд байгаа. Тиймээс ингэж байгаа. Дизель түлшний хувьд ОХУ-д санал тавьж байгаа. ОХУ-ын дотоод нөхцөл байдал, хэрэглээнээс хамаараад таван хувийн хөнгөлөлт үзүүлсэн.

-Зах зээлийн замаар байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан юм биш үү? Он гараад эргээд өсөх юм биш үү?

Зах зээлийн зарчмаар явах ёстой. Бид 1990 онд сонголтоо хийсэн. Тэр ч утгаараа АИ-95, АИ-98, дизель түлш зах зээлийн зарчмаараа явж байгаа. Энэ дайныг хэн ч урьдчилж харах боломжгүй байсан. Ийм байдалд Засгийн газар хариу арга хэмжээ авч байна. Зах зээлээрээ явж байгаа ч компаниуд алдагдалтай л байгаа. Компаниуд нөлөөлж чадахгүй. Улс төрийн байдлаас болж үнэ өсч байна. Хамгийн гол нь иргэд дээр л хүнд тусах байсан юм. Бүх улс орон л арга хэмжээ авч байгаа. Татварын хөнгөлөлт, татаас өгч байна, үнийн тохируулга хийж байна.

-Импортын сувгаа хэрхэн нэмэх вэ?

Манай зах зээлийн 95 хувийг ОХУ, таван хувийг Хятад хангадаг. Хятадтай манай нефтийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийсэн дөрвөн компани байдаг. Гэхдээ “Роснефть”-тэй хийсэн шиг удаан хугацааны гэрээ байдаггүй. Үнийн зохицуулалтын томъёо байдаггүй. “Роснефть” бол зах зээлээ дагаад явдаг томъёололттой. Энэ талаар сар орчмын өмнө Хятадын элчин сайдтай уулзсан. Тавдугаар сард Гашуунсухайт, Шивээ-Хүрэн боомтоор шатахуун шилжүүлэн ачих агуулга барихаар тогтоол гаргасан. Эрээн дээр уддаг асуудал байхгүй болно. ОХУ өөрөө ч дизель түлшний хэрэглээ өндөртэй. Гуравдагч зах зээл гэвэл хязгаарлагдмал. Хамгийн ойрхон нь Казахстан. Татаас өгч үнэ барьдаг улс. Казахстаны колонк энд ирэхгүй. Нефтийн үйлдвэрээ л барих нь гол бодлого.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:

Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт 503 тэрбум төгрөгт хүрээд байна. Оны эхэнд 66 зээлдэгч байснаас долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан. Тухайлбал, “Вертекс майнинг”, “Кью Эс Си” зэрэг томоохон зээлүүд бүрэн төлөгдсөн. Өнгөрөгч өдрүүдэд банкны зүйлээс хоёр том ажлыг хийлээ. Нэгдүгээрт, олон улсад зээлдэгч зэрэглэлээ тогтоолгосон. Сангийн сайдын хэлсэнчлэн тогтвортой түвшинд хадгалж үлдсэн. Хоёрдугаарт, санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Оны өмнө 1.4 их наяд төгрөгийн эрсдлийн сан байгуулах шаардлага тавигдсан. Зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж, үр дүн гарснаар өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулаад байна. Ингэснээр банк дампуурах эрсдлээс гарсан. Дараагийн үе шат бол банкны үлдсэн зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулах. Зээлээ төлсөн зээлдэгч нарын хажуугаар зээлийн эргэн төлөлт удаашралттай зээлдэгч нар байна. Нийтдээ 14-15 зээлдэгч ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй байна. Томоохон гэвэл “Шинэ Яармаг”, “Эрэл”, “Бэрэн” гурав нийлээд 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу байна. Мөн төрийн өмчит компаниудын зээлийн талаар тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнийг хангуулахаар банкны зүгээс яамдуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр ирэх оны бондын эргэн төлөлтийг бид жилийн эцэс гэхэд эрсдэлгүй бүрэн төлж барагдуулах зорилттой байна.

-Төрийн өмчит компаниуд дээр хийх зохицуулалтыг тодорхой дурдаач?

-Нийтдээ есөн зээлийн 565 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Эдгээр нь тухай бүрийн зээл болон компанийн үйл ажиллагаатай хамааралтайгаар ялгаатай байгаа юм. “Эрдэнэс Монгол”-ын замын асуудал байгаа. Нийт 157 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Энэхүү зээл төлөгдөж дуусна гэсэн хүлээлттэй байна. Мөн “ТОСК” болон “НОСК” компаниуд үнэт цаас гарган манай банканд эзэмшүүлэх замаар зээлийн чанарыг сайжруулна гэсэн зорилттой.

-Эгийн голын усан цахилгаан станцын талаар?

Эгийн голын усан цахилгаан станцын тухайд төслийн нэгжийн үйл ажиллагааны санхүүжилт гэсэн зорилгоор 15 сая ам.долларын зээл авсан. ТЭЗҮ боловсруулагдсан байгаа. Ойрын хугацаанд Эрчим хүчний яам болон тухайн төрийн өмчит компанитай хамтран энэ зээлийг хэрхэн шийдвэрлэх талаар гарц гаргалгаа гаргана.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

ХАА-н салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын тогтоол болон Ерөнхий сайдын албан даалгаврыг өнөөдрийн хуралдаанаас гаргасан. Энэ онд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийтдээ 570 мянга га талбайд тариалалт хийгээд байгаа. Үүнийг дотоодын хэрэгцээгээр нь авч үзвэл улаан буудай болоод төмсний хэрэгцээг 100 хувь хангахаар, бусад хүнсний ногоог 70-80 хувьтай хангахаар төлөвлөж байна. Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, үр дүнтэй зохион байгуулах, оюутан залуусыг оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ургацын борлуулалт, тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалттай зохицуулах, шатахууны хангамжийг тогтвортой хангах талаар Засгийн газрын тогтоол гарсан. Мөн ХХААХҮЯ-аас эрт ургацтай мэдээлэл өгсөн. Улаанбаатарт Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж эхэлсэн. Ургац хураалт эхэлж, нийлүүлэлт тогтворжсоноор зах зээлийн өнөөдрийн хөөрөгдсөн үнэ буурах, тогтворжих хүлээлт байна. Нарийн ногооны тухайд өргөст хэмх, навчит ногоо, улаан лоолийн ургалт жигдэрсэн. Улаанбаатарт өдөрт 10 тонн хүлэмжийн нарийн ногоо нийлүүлэгдэж байна. Мөн эрчим хүч болоод дулаан, цахилгааны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 51.6 хувийн хэрэгжилттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж