Хариуцлагаа ухамсарлаад, огцордог жишиг тогтоогооч, сайд нар аа!

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Хариуцлагаа ухамсарлаад, огцордог жишиг тогтоогооч, сайд нар аа!

Хариуцлагаа ухамсарлаад, огцордог жишиг тогтоогооч, сайд нар аа!

Дэлхийн хоёр улс дайтаж, тэнд олон хүн харамсалтайгаар амиа алдсаар байна. Үүнтэй харьцуулбал Монгол Улс дайн тулаан, зөрчил тэмцэл, алаан хядаангүй, амар амгалан буй. Гэвч бусдын буруугаас болж цаг бусаар амь насаа алдаж буй хүний тоо нэмэгдэх хандлагатай байна, ялангуяа цэрэг эрс.

Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй. Зэвсэгт хүчин иргэнээ, эх орноо хамгаалахад нь бэлтгэж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч тэнд олон он жил дамжин, улиг болтол яригдсаар ирсэн алдаа завхрал гарсан хэвээр, яргалал, тамлал, аллага үйлдэгдсээр л байна.

Орчин цагт хүүгээ цэргийн албанд дуртай гэгч нь явуулж буй эцэг, эх өвсөнд хаясан зүү мэт ховор болжээ. “Тэр ангид нэг цэрэг даргадаа зодуулаад, ходоод нь цоорч, хагалгаагаа даалгүй амиа алджээ”, “Цэрэг цэрэгтээ дэглүүлж, зодуулсны улмаас нас барлаа”, “Цэрэг амиа хорложээ”, “Байлдагч А адуунд явна гэж цэргийн ангиасаа гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов” гэх мэтчилэн сонсоход ч халгам аймшигтай хэргүүд ар араасаа гарсаар байхад хэн энхрийлж, хайрлаж өсгөсөн үрээ хүний гарын шүүс, зодуурын бай болгож, эцэст нь хүйтэн цогцсыг нь хүлээж авахыг хүсэх билээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирчээ. Үүнээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна.

Цэрэг амиа алдсан сүүлийн харамсалтай тохиолдлыг энд дурдъя. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт ирсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч тус аймагт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан, тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байгаад баригдаж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна" гэж мэдээлсэн билээ.

Өдгөө Зэвсэгт хүчний …дугаар ангийн албан тушаалтнуудад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Эх орноо хамгаалах эрдэмд суралцахаар мордсон залуусыг энэ мэтчилэн цагдаа, цэрэг, хүчний байгууллага, эрх мэдэлтнүүдийн амин хувийн ашиг сонирхлын “бай” болгож, золиослодгоо зогсоохгүй бол олон аав, ээжийн хүү эцэг, эхдээ эсэн мэнд эргэж ирнэ гэсэн баталгаа үнэндээ алга аа.

Ганцхан сарын өмнө, дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, 19 настай Н “ходоод нь задарч”, эмнэлэгт хүргэгдсэн ч мэс заслын хүндрэлийн улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хэргийн тухайд “Цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулаад, шүүх шинжилгээний газрын эмч нар үзлэг, задлан шинжилгээ хийсэн.

Урьдчилсан байдлаар "Ходоод нь цоорсон" гэсэн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн мэргэжлийн эмч нараас тодорхой мэдээлэл авна уу. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Шалгалтын явцад дүрмийн бус дэглэлт хийсэн гэсэн ямар нэгэн зүйл тогтоогдоогүй. Мэргэжлийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж болохгүй. Заавал нэг хүн дүгнэж, заавал нэг хүн ходоодыг нь цоо өшиглөчихсөн гэсэн дүгнэлтийг та бүхэн хийх гээд байна. Талийгаач цэргийн бие гадна талдаа хөхөрсөн, шарх сорви байгаагүй" гэж хэлж байна" гэж л ам ангайсан билээ.

Цэрэгт яваад, амь нас хохирогчийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх мөнгө олгодог гэх мэдээлэл бий. Зэрлэг балмад, танхай этгээдүүдийн гарт хүүгээ алдсан эцэг, эхийн сэтгэлийг мөнгө дэвтээхгүй л дээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн 2021 онд амиа алдсан цэргийн асуудлаар хуралдах үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг “Сүүлийн гурван жилийн эрүүл мэндийн судалгаагаар цэргүүдийн дунд сэтгэлзүйн өвчтэй хүмүүсийн тоо жилд 1.5 хувиар нэмэгдэн ирж байна” гэж хэлж байв.

Нийгэм стресс бухимдал ихтэй, ажилгүйдэл, ядуурал газар авч, амьдралын чанар муудаж буй энэ цагт цэрэгт очиж буй залуусын сэтгэлзүйн байдлыг судалдаг гэж сонсоогүй. Гаж донтой, хүнийг дарамталдаг, дэглэдэг эмгэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татах, дарга, офицеруудын сонгон шалгаруулалтыг чангаруулах гээд олон асуудал шийдэл хүлээсээр байна.

Цэрэг амиа алдаж буй нь хариуцлага сул байгаагийнх. Салбарын сайд, түүний удирдлагад буй албан тушаалтнууд ажлаа хэрхэн хийж буйн илрэл. Цаашлаад Засгийн газар иргэнээ хамгаалдаггүй, “Үхэх нь үхэж л байг” гэсэн байртай асуудалд хандаж буйн тодорхой жишээ гэж үзэх үндэслэлтэй.

Асуудал үүсэх бүрт Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөллөө гэх үгээр ам таглаад өнгөрдөг. Гэвч одоо энх цагт цэргийн албанд мордсон нэг ч гэсэн иргэнээ эсэн мэнд байлгахын тулд ажлаа хийж чадахгүй байгаа салбарын сайдаас нь эхлээд хариуцлага тооцох асуудлыг Засгийн газар хөндөх ёстой юм.

Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн орнуудад алдаа дутагдал гаргасан сайд, дарга нар иргэдээсээ уучлалт гуйн бөхөлзөөд л, гэмээ ухаарч, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж буйг бид олонтаа харсан. Үүнтэй адил салбар хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд Зэвсэгт хүчний удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд бусдадаа үлгэр дууриал үзүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлагаа ухамсарлан, огцорч чаддаг жишиг тогтоовол хэчнээн сайн бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж