Улсын заан Н.Жаргалбаяр болон Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Учир нь улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын давааны өмнө ам авах үеэр Н.Жаргалбаяр заан өөрийгөө Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гэж танилцуулсан хүнтэй гар утсаараа ярьж буй дүрс бичлэг телевизээр цацагдсан юм. Тус бичлэгт “Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна. Манай аймгийн арслан Э.Нямааг авчих. Тоогоо хэл” гэх мэт харилцан яриа буусан.
АТГ-аас дээрх асуудлыг шалгаж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр Н.Жаргалбаяртай холбогдоход “Намайг АТГ-аас шалгасан юм алга байна. Намайг яасан гэж шалгах юм бол доо? Би ам авах гээд сууж байхад над руу танихгүй хүн залгасан. Би утсаа авсан. Утсыг нь таслаад түүнтэй яриагүй. Тэгээд амаа аваад барилдсан. Нийтээрээ, нийгмээрээ намайг харлуулсан мэдээлэл сэвээд байна. Намайг шалгасан зүйл алга. Би шалгуулахад бэлэн” гэв.
Сонирхуулахад, Улсын заан Н.Жаргалбаяр тавын даваанд Э.Нямааг амлан авч, барилдсаны эцэст өвдөг шороодсон билээ. Улсын начин цол хүртсэн Э.Нямааг өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд улсын арслан Э.Оюунболдыг давсан гэдгээр хүмүүс эчнээ мэднэ.
Холбоотой мэдээ