Путины Иран дахь айлчлал хэр ганцаардсан болохыг нь харуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Путины Иран дахь айлчлал хэр ганцаардсан болохыг нь харуулав

Путины Иран дахь айлчлал хэр ганцаардсан болохыг нь харуулав

ОХУ-ын удирдагч Владимир Путин Украинд довтолж эхэлснээсээ хойш анхны олон улсын айлчлалаа өчигдөр /2022.07.19/ хийлээ. Тодруулбал, тэрбээр Иранд айлчилж, барууны орнуудтай харилцаагаа таслав.

Путин Тегеран хотноо Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан байна. Мөн өдөр Ираны дээд удирдагч Аятолла Хаменеитай уулзжээ.

"Би зочломтгой Ираны газар нутагт байгаадаа маш их баяртай байна. Худалдааны өсөлтийн хувьд бид дээд амжилт тогтоосноо ам бардам хэлж чадна. Бид олон улсын аюулгүй байдлын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад чухал хувь нэмэр оруулж байна” гэж Раиситэй хийсэн хоёр талын уулзалтын үеэр Путин хэлжээ.

Раиси мөн хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны амлалтыг сайшааж,  терроризмтой тэмцэх арвин туршлагатай гэж онцоллоо.

Түүнчлэн, Ираны үндэсний газрын тосны компани Оросын төрийн мэдлийн байгалийн хийн компани Газпромтой 40 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан тухай өчигдөр Ираны газрын тосны яамны мэдээллийн агентлаг Шана мэдэгджээ.  Хэлэлцээрт Ираны хийн ордуудыг ашиглах, хийн экспортын шинэ хоолой барих зэрэг асуудал багтсан байна.

Ираны дээд удирдагч Хаменеи Украин дахь дайныг дурдаад, барууны аюулгүй байдлын эвсэл "NATO”-г өргөжүүлэхийг зогсоох ёстой гэж мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Путины арми  Луганск мужийг эзлэн аваад буй. Үүний дараа Украины зүүн хэсэгт хуурай замын довтолгоогоо эрчимжүүлэхээр бэлтгэж байгаа тул Оросын Ирантай харилцах харилцаа нь барууны эрх баригчдын санааг зовоож байна. Оросууд өнгөрсөн сард дор хаяж хоёр удаа Иранд айлчилж, зэвсгийн хүчин чадалтай нисгэгчгүй онгоцыг шалгасан гэх мэдээлэл байсан ч Ираны талаас үүнийг няцаасан.

Путин, Эрдоган нарын уулзалтын үеэр Туркийн ерөнхийлөгч түүнийг 50 секунд хүлээлгэж буй бичлэг цацагдаад байгаа юм. Тэдний хэлэлцсэн сэдвүүдийн нэг нь Украины үр тарианы экспортын асуудал байв.  Украины засгийн газар Оросыг 20 гаруй сая тонн үр тариа тээвэрлэхэд саад болсон гэж буруутгаад байна.

Путин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы хоёр улсын хооронд зууч болж буй хүчин чармайлтад талархал илэрхийлэв. Тэрбээр “Таны ачаар бид урагшиллаа.  Гэсэн хэдий ч бүх асуудал шийдэгдээгүй. Ямартай ч өмнө байснаасаа дээрдсэн" гэжээ.

Туркийн удирдагч Эрдоган өнгөрсөн зургадугаар сард Швед, Финланд хоёрыг эвсэлд элсэхэд саад болно гэж сүрдүүлсний дараа Путины айлчлал болж байна. "Хэрэв тэд бидний болзлыг биелүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахгүй бол бид үйл явцыг царцаах болно гэдгийг дахин сануулмаар байна" гэж Эрдоган Даваа гаригт засгийн газрын хуралдааны дараа мэдэгдээд байсан.

Путины энэ удаагийн айлчлал нь түүнийг Орос, Украины дайнаас хойш хэчнээн ганцаардсан болохыг харууллаа гэж АНУ-ын албаныхан хэлжээ. Тэгвэл барууны эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж, Тегераны цөмийн хөтөлбөр тэргүүтэй олон асуудлаар АНУ-тай зөрчилдөж байгаа Ираны хувьд Путины айлчлал цаг үеэ олсон явдал боллоо.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж