"Роснефть"-ээс онгоцны түлш авна VS авахгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

"Роснефть"-ээс онгоцны түлш авна VS авахгүй

Энэ долоо хоногийн VS буландаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын байр суурийг хүргэж байна. Энэ сарын эхээр хаврын чуулганаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр Г.Ёндон сайд ОХУ-ын “Роснефть Аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс хямдхан авах хэлэлцлийг хийсэн тухайгаа ярьсан. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс энэ нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал гэсэн юм.


Г.Ёндон
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

-ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авах хэлцлийг хийсэн байгаа.

Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна. 2019, 2020, 2021 онд манай улсад нийлүүлсэн шатахуун олон улсын зах зээлийн үнээс 187-225 ам.доллараар илүү байсан. “Роснефть” компанитай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард АИ 92 бензиний үнийн талаар хэлцэл хийсэн. Ингэснээр энэхүү бензинийг зах зээлийн үнээс 25 хувиар хямдруулсан. Тэр үед 1110 ам.доллар байсан бензинийг 840 ам.доллараар гурван сарын турш авлаа. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын шатахууны жижиглэнгийн үнээс манайд зарагдаж байгаа үнэ 500 орчим төгрөгөөр хямд байгаа. Ер нь “Роснефть аэро” компанитай онгоцны түлшний үнийн асуудал яригдаж байгаа.

Энэ компани “Роснефть” компанийн охин компани. Цаашид АИ 92 шатахууныг хямдруулсан үнээр авах саналыг тавдугаар сараас хойш тавьсаар байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Цаашид хэлцлээ үргэлжлүүлнэ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө.

Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг 100 хувь ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Энэ түлшийг авах компани өөрчлөгдөхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой. Манай улс сүүлийн 10 гаруй жил ганц компаниас түлш авч байгааг хориг тавьж буй орнууд ойлгож байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банкууд ОХУ-аас 100 хувь хамааралтай орнуудын төлбөр тооцоотой холбоотой асуудалд уян хатан хандана гэдгээ илэрхийлсэн.

С.Бямбацогт
УИХ-ын гишүүн

-Монгол улс дотооддоо бензин, шатахуун үйлдвэрлэдэггүй, гаднаас 100 хувь импортоор авдаг. Ард иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол шатахууны үнийн өсөлт. Энэ хуулийг батлачихвал хямд өрсөлдөхүйц бензин, шатахуунтай болно гэж байна. Их хурлын даргад мөн бензин, шатахууны үнийг тогтвортой болгох бололцоо бий гэж хэлсэн байна. Тэгэхээр яг ингэж чадах уу?

Өнөөдөр Улаанбаатараас-Ховд руу нисэх онгоцны билет хоёр талдаа 1 сая 500 мянга байгаа. Улаанбаатараас-Сөүл явах билет адилхан сая 500 мянга байгаа хоёр талдаа. Дотоодын нислэг ийм өндөр үнэтэй байгаа. Энэ хууль батлагдснаар онгоцны билетний үнэ, бензин, шатахууны үнэ хэдэн хувиар буурах вэ? Дээрээс нь дизель түлш, АИ-95, 92 бензиний үнэ тогтвортой байж чадах уу?

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэсэн асуудал бий. “Роснефть” компани Монголын бензин, шатахууны 80-90 хувийг нийлүүлж байгаа. Эхлээд онгоцны бензинийг нийлүүлдэг байсан бол одоо онгоцнуудад сумладаг болох нь. Үүний дараа энэ хуулийг батлахгүй бол болохгүй гээд галт тэрэг, вагоны дизелийн түлшийг нийлүүлнэ. Дараа нь уул уурхайн салбарт түлш нийлүүлнэ. Иймэрхүү байдлаар стратегийн ач холбогдол бүхий салбартаа, бүтээгдэхүүнээ гадны хараат болгочихвол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж харсан уу. Хараагүй юу? Энэ дээр хийсэн тооцоо, судалгаа бий юу?

Орос Украины дайнтай холбоотой ОХУ-д үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд АНУ, Европын холбоо, НҮБ дэлхий нийтээрээ хоригууд тавьж байгаа. Энэ хоригоос болоод Монгол улсын баруун аймгууд маань шатахууныхаа төлбөр, тооцоог хийж чадахгүй байгаа. Үүнээс болж бензин, шатахуун хомсдох гэж байна. Энийг хэзээ, хэрхэн яаж шийдвэрлэх гэж байна вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж