Хойд Солонгосын кибер хувьсгал

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын кибер хувьсгал

Хойд Солонгосын кибер хувьсгал

Хойд Солонгос улс 40 орчим жилийн турш дотоодын инноваци, гадаадын тусламжаар кибер хөтөлбөрөө хөгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд тус улс цахим гэмт хэргийн үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийжээ. Ингэхдээ голчлон Өмнөд Солонгосын засгийн газрын агентуудыг онилохоос гадна банкууд болон криптовалютын биржүүдийг хакерддаг.

Хойд Солонгосын кибер хувьсгалын өнгөрсөн, одоо, ирээдүйн боломжуудыг судалсан судалгааны ажлууд харьцангуй олширсон. Тус улсын кибер хөтөлбөрийн хувьслыг ойлгох нь Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсад хоёр талын кибер аюулгүй байдлын стратегийг сайжруулахад тус дөхөм болох юм. АНУ, БНСУ-ын ерөнхийлөгчид энэ оны тавдугаар сард дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хамтарсан кибер хөтөлбөрийн талаар ярилцсан.

ЭХЭН ҮЕИЙН ИННОВАЦИ

Хойд Солонгос улс анх байгуулагдсан цагаасаа л цэрэг армитай холбоотой байв. Авторитари дэглэмтэй тус улсад эрчүүд нь 10 жил цэргийн алба хаах үүрэгтэй. Иймээс тэд кибер чадавхи, бэлэн байдлаа өргөжүүлэхийн тулд технологи, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр өндөр оноотой төгссөн төгсөгчдийг цэрэг, тагнуулын байгууллагадаа элсүүлж байв. Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Хойд Солонгост Ким Ил Суны Их сургууль болон Ким Чаекийн Технологийн их сургууль тэргүүлдэг. Энэ хоёр сургууль цэрэг, мэдээллийн технологийн салбартай түүхэн хэлхээ холбоотой бөгөөд гадаадын их дээд сургуулиудтай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Кибер хөтөлбөрийг урагшлуулах хүрээнд 1980-аад оны дунд үед гурван чухал байгууллагыг байгуулжээ. Энэ нь Мирим коллеж, Пёньяны мэдээллийн төв, Солонгосын компьютерын төв юм.

Мирим коллежийг Хойд Солонгосын цэрэг, тагнуулын байгууллагуудад кибер дайчид бэлтгэх зорилгоор 1984 онд байгуулсан. Тухайн үед Зөвлөлтийн компьютерийн шинжлэх ухааны профессорууд хоёр талын хамтын ажиллагааны гэрээний дагуу Мирим коллежид багшлахаар очиж байв. Хүйтэн дайны үед ч бас Зөвлөлтийн эрдэмтэн, инженерүүд Хойд Солонгосын цэрэг, цөмийн зэвсгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. ЗХУ задран унасны дараа тус улсын хамгийн нэр хүндтэй цэргийн боловсролын академи болох Фрунзед суралцаж байсан Хойд Солонгосын иргэд компьютерийн шинжлэх ухааныг удирдан залж эхэлсэн гэдэг.

АНУ-ын Тагнуулын байгууллагын тайланд дурдсанаар, Мирим коллеж нь Хойд Солонгосын 1300 орчим хакерыг сургаж, 6000 орчим хакерыг ивээн тэтгэж байжээ. Энэ хакерууд нь Хойд Солонгосын янз бүрийн тагнуулын болон цэргийн ажиллагаанд оролцдог.

Пёньян мэдээллийн төв ч бас тус улсын кибер чадавхийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Анх 1986 онд байгуулагдаж, дараа нь 1991 онд Япон дахь Хойд Солонгосыг дэмжигчид болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өргөжин тэлжээ. Пёньян мэдээллийн төв нь 2001 онд Кванмён нэртэй дотоод сүлжээний системтэй болсон. Энэ нь хүн амаа гадаад ертөнцөөс хаалттай байлгахад чиглэсэн технологи байв.

БНАСАУ олон арван жилийн турш гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах, худалдан авах, түгээхийг хуулиар хориглосон. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл их хэмжээний торгууль ногдуулах, шоронд хорих, цаазаар авах хүртэл арга хэмжээ авч байв. Тиймээс Хойд Солонгосын элитүүд, төрийн албан хаагчид л интернетэд холбогдох боломжтой гар утас, компьютер ашигладаг байжээ. Харин энгийн иргэдийн хувьд Кванмён дотоод сүлжээгээ л ашигладаг.

Солонгосын компьютерийн төвийг 1990 онд байгуулсан. Тус улсад 1999 оныг “Шинжлэх ухааны жил” болгон зарласнаар эл байгууллага улам өргөжин тэлжээ. Тухайн ондоо Солонгосын компьютерийн төв нь “Windows” үйлдлийн системийг ашиглан програм хангамж боловсруулах, үйлдвэрлэлийн процессыг хянах зэрэг цогц тооцоолох технологийг боловсруулсан. Мөн “C”, “Visual basic”, “Java” зэрэг хэлийг ашигладаг болжээ. Тухайн үедээ судалгаа, боловсруулалтын ажилд 800 орчим хүн ажиллуулж байв.

ХОЁР СОЛОНГОСЫН ХООРОНДЫН УЯН ХАТАН БОДЛОГО

1998-2008 оны хооронд Өмнөд Солонгос улс Умардад хандах хуучин арга барилаа өөрчилж, уян хатан байх болсон. Энэ бодлого нь эцэстээ бүтэлгүйтсэн ч АНУ ба БНСУ аль аль нь Хойд Солонгостой өнгөцхөн дипломат харилцаа байв. Тухайлбал, 2000 онд хоёр Солонгосын тухайн үеийн удирдагчид дээд хэмжээний уулзалтаа хийсэн. Мөн Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг улсын удирдагчид оролцсон 2003 оны зургаан талт хэлэлцээ зэргийг энд дурдаж болно.

Энэ хугацаанд Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө нууцаар үргэлжлүүлсээр байсан юм. Тиймээс 2010 онд Өмнөдууд Хойд Солонгосын баллистик болон цөмийн зэвсгээ хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг өөрчилж чадахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч, анхны арга барилдаа эргэн шилжсэн гэхэд болно.

"Нарны туяа" гэж нэрлэгдсэн эл уян хатан бодлогын хүрээнд хоёр Солонгос хооронд маш олон техник технологи, боловсролын солилцоо хийгдсэн. Тухайлбал, 2003 онд Өмнөдийн тэргүүлэх компьютер судлаачид, мэдээллийн технологийн профессорууд Умардад очиж холбогдох байгууллагуудад сургалт оржээ.

АНУ-ын их дээд сургуулиуд ч ялгаагүй Хойд Солонгосын оюутнуудад техникийн дэмжлэг үзүүлж, сургалтад хамруулж байсан. 2002 оноос эхлэн хоёр улс хамтарч 10 гаруй сургалт зохион байгуулсан байдаг.

Өдгөө Хойд Солонгос нь АНУ ба БНСУ-ын гол кибер дайсан болсон. Тиймээс өмнө нь харилцсан солилцсон, Пёньяны кибер чадавхийг хөгжүүлэхүйц аливаа мэдээллийг мөрдөн шалгах шаардлагатай болжээ.

"Нарны туяа" бодлого бүтэлгүйтсэний дараа Пёньян нь Өмнөд Солонгосын засгийн газрын агентлагууд, цахим хуудсууд болон цэргийн дэд бүтцийн эсрэг кибер халдлага хийж эхэлсэн. АНУ болон НҮБ 2010-аад оны дундуур Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлсэн нь криптовалютын нэр хүндийн өсөлтийн үетэй давхцсан юм. Тиймээс Хойд Солонгос энэ сиймхийг ашиглан санхүүгийн байгууллагуудын эсрэг цахим халдлага, валют дээрэмдэх олон төрлийн тактик хэрэгжүүлэх болжээ.

Үндсэндээ одоогийн удирдагч Ким Жон Ун өөрийн улсаа хамгийн том кибер аюул заналхийлэл болгон хувиргалаа. Хойд Солонгос хориг арга хэмжээнд байгаа хэдий ч тус улсын хакерууд сүүлийн нэг жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хулгайн криптовалютыг Пёньянд нийлүүлжээ. Сөүл, Вашингтон хоёр энэхүү томоохон заналхийллийн эсрэг үр дүнтэй бөгөөд урт хугацаанд үргэлжлэх кибер аюулгүй байдлын стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байгааг “The diplomat” хуудас онцоллоо.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж