Шил цонх нь гэрэлтэж, шинэхэн будаг ханхалсан барилга бол арван жил гацсан Түлэгдлийн эмнэлэг. Олны хэлж заншсанаар улсдаа ганц Түлэнхийн төв юм. Эмнэлгийн коридор эл хуль. Эмч нар ор, тоног төхөөрөмжөө зөөж байх үеэр очиж таарав. Саруулхан өрөөнд ор засч, өвчтөн хүлээн авах бэлтгэлээ эмч нар хангаж буй нь энэ.
Учир нь ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн А блок /2022.07.08/ нээлтээ хийж, ашиглалтад орсон. Харин тус төвийн зургаан давхар В блок, зургаан тасагтай, 250 ортойгоор ирэх намраас ашиглалтад орно гэдгийг албаныхан хэлсэн юм.
Түлэгдэлтийн эмнэлэг хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн “Түлэнхийн төв маань нээлтээ хийж, эмч ажилтнууд эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг суурилуулж байна. Үүний дараагаар өвчтөнүүдээ хүлээн авч эхэлнэ. Одоо хагалгааны өрөөгөө тохижуулах гээд багахан ажлууд бий. А блокт нийт 80 ор дэлгэж, 50 орчим эмч, сувилагч ажиллана. Цаашдаа нэмээд В блок ашиглалтад орвол 250 ортой, 200 гаруй ажилтантай, зургаан тасаг ажиллана.
В блокын зургаан давхар барилгыг ирэх намраас ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоо дотор засварын ажил үргэлжилж байна. Тус төвийн С блокын газар тэр чигээрээ хувь хүний гарт орсон учраас мэдээлэлгүй байна. Буцааж авч чадаагүй” гэдгийг хэлж байв.
Түлэнхийн төвийн “Нутгийн зам” ХХК-тай холбоотой гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллаж байна.
Засгийн газраас нийт 9.6 тэрбум төгрөгийг энэ барилгад зарцуулжээ. Тус төвийн барилг, ашиглалтад оролгүй удсанаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж ирсэн байдаг.
ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг нийт 80 ортой өвчтөн хүлээн авч, эмчилж буй. Нэг сард дунджаар 200 гаруй өвчтөн амбулаториор хандаж, өдөрт 50 орчим хагалгаа хийдэг ачаалалтай тасаг гэдгийг эмч, сувилагчид ярилаа.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар 702.648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31 мянга нь түлэгдэл байна. Үүний 74,5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.
Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар жилд дунджаар 110 мянган гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдэл, хөлдөлт болон могойд хатгуулж, нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлдэг аж. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй.
ОДОО 7300 МЕТР КВАДРАТ ХҮРЭХ ҮГҮЙТЭЙ ГАЗАРТ 2 БЛОК БАРЬСАН
Түлэнхийн төвийг 2011 онд акталж, нурааснаар 2012 онд "Алтантулга" гэх компанид 4024 м.кв газрыг хууль бусаар шилжүүлсэн болохыг иргэдийн төлөөлөл удаа дараагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Үүнээс өмнө 2004 онд А/445 дугаартай тогтоолоор Түлэнхийн төвд зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч мэргэжилтнүүд 1200 м.кв газрыг мөн л хууль бусаар авсан гэдэг.
Анх актанд гарах үеэр эмнэлгийн газар 16400 метр квадрат талбайтай байсан бол жил ирэх бүрд агшсаар өдгөө 7300 метр квадрат хүрэх үгүйтэй зайд хоёр блок нь баригдсан.
Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийн нүүр үзсэн тус төвийн А блокын ажлыг нь “Цаст констракшн” компани, В блокыг “Нутгийн зам” групп барьсан. Харин гурав дахь блок нь цогцос хадгалах байрны зориулалттай байсан ч орон сууцны барилга болон хувирсан гэнэ.
ТӨВИЙН ХУУЧИН БАРИЛГЫГ НЬ 2011 ОНД АКТАЛСАН
Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлэгт анх Гэмтлийн тусламж үйлчилгээг тасгийг байгуулж байсан ч жил ирэх тусам хүн амын тоо, хөгжил цэцэглэлт нэмэгдэхийн хэрээр осол гэмтлийн тоо ихэсч эмнэлэг болгон өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан.
1972 оны арванхоёрдугаар сард “Сангийн сайдын Зөвлөлийн 478 тоот тогтоол” гарч, Гэмтлийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1975 онд Нэгдүгээр эмнэлгээс тасарч, хуучин хятад эмнэлгийн барилгад 150 ортой бие даасан Гэмтлийн эмнэлэг байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш 1991 он хүртэл Гэмтэл согогийн бүх тусламж үйлчилгээг тус барилгад явуулж байгаад 1991 онд Гэмтлийн эмнэлэг шинэ байрандаа нүүж Түлэнхийн эмнэлэг эндээ үлдсэн байна.
1991- 2011 он хүртэл түлэгдлийн төв хуучин байрандаа Түлэгдэл болон Сэдрэлтэй гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан.
Хуучин барилга нь цаашид үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон учир 2008 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, 2011 онд Түлэгдлийн төвийн барилгыг акталснаар шинэ эмнэлэг барих ажил эхэлсэн.
Түлэнхийн төвийн барилгыг Засгийн газар, Арабын Эдийн засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2017 онд байгуулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу барьсан.
Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ